Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн чухал шийдвэрийг гаргажээ. Хуралдааны дараа Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын талаар мэдээлэл өглөө.
ЗАМ ТЭЭВЭР, ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН:
– Өнөөдөр Засгийн газар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замыг дотоодын нөөц бололцоог ашиглан барих шийдвэр гаргалаа. Энэ жил “Эрдэнэс Тавантолгой”-н ашиг 800 гаруй тэрбум төгрөг бөгөөд 750 тэрбум төгрөгийг төмөр замын бондыг худалдаж авах чиглэлээр хөрөнгө оруулахаар болсон. Энэ дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг үндэсний бүтээн байгуулалт болгож хөгжүүлэх ёстой гэж Засгийн газар үзлээ. Өмнө нь нэг км төмөр замыг 3,2 сая ам.доллараар барих санал “Дорнын зам” компани ирүүлж байсан ч Засгийн газрын шийдвэр гарсны дараа саналаа татаж авсан. Монголчууд өөрсдөө төмөр зам барихад нэг км-ыг нь 1,2 сая ам.доллараар барих боломжтой. ЗХЖШ сүүлийн гурван жилийн хугацаанд судалгаа хийж, тооцоогоо гаргасан. Санхүүгийн асуудал шийдэгдсэний дараа ажлыг тавдугаар сарын 1-ээс эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Төмөр замаар 30 гаруй сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой, авто замаар 30 сая гэж тооцвол Тавантолгойгоос жилд нийтдээ 60 орчим сая тонн нүүрс зөөвөрлөх боломжтой болж байгаа юм.