Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд 2-6 насны хүүхдэд нэг удаа, зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд үйлчлэх шүдний эмнэлгүүдийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас сонгон шалгаруулжээ.
Улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад оролцсоноос хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж, хүүхдүүдэд үйлчлэхээр болжээ. Тухайн эмнэлгүүд энэ сарын 8-наас эхлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж эхэлжээ.
Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлнэ.