Саяхан хэд хоногийн өмнө Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар хамтарсан мэдэгдэл гаргаж “Стандарт” банкин дахь төрийн мэдлийн 51 хувийг барьцаалсан зээлийг хаалаа гэж мэдэгдсэн. Энэ үедээ үйлдвэрийн Эрсдлийн сангаас гаргасан 40-хөн сая ам.доллараар үүсээд байсан 120 гаруй сая ам.долларын өрийг дарлаа гэж маадгар ярьж билээ.
Оюутолгой, Таван толгой зэрэг компаниудаас өмнө Монгол улсын цорын ганц саалийн үнээ болж, улсаа чирч явсан энэ үйлдвэрийг үлдээж чадсан нь үнэн бол маш сайн байна. Өмнөх шийдвэр гаргачдын мэхлэлтийг сонссоор байгаад үнэндээ тэдэнд итгэх итгэлгүй болчихож.
Мөн мэдэгдэл хийх үедээ үйлдвэрийн гадаадын өрийн асуудал ингээд шувтарлаа гэж хэлсэн. Тэгвэл дотоодод энэхүү асуудлыг үүсгэсэн этгээдүүдээс өрөө авах асуудал үлдэж байна.
Өмнөд Африкийн “Стандарт” банкинд тавьсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг хэн яаж барагдуулах нь одоогоор бүрэн тодорхой болоогүй байна. Гэхдээ гол нь түүнийг энэхүү хэргийг хийхэд дэмжлэг үзүүлж, түүнд гадаадын банкинд зээл тавих бүрэн эрх олгосон тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, ТӨХ-ны дарга Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Ч.Ганзориг нар уснаас хуурай үлдчих шиг л боллоо. Ш.Батхүүгийн хамтаар тэд ч бас хамтдаа шалгагдах учиртайсан.
“Жаст-ын Ш.Батхүү ч энэ төлбөрийг төлж чадах эсэх нь бас эргэлзээ төрүүж байгаа юм. Тэрээр өөрийн эзэмшилд байсан “Хадгаламж” банкыг өнөөгийн Төрийн банк болгосон. Компанийн мэдэлд байсан ШТС-ууд нь “МТ”-д шилжсэн. Харин махны үйлдвэрүүд нь нэлээн хэдэн жилийн өмнөөс манайд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компанийн мэдэлд орсон байдаг.
Түүний өөрийн бүхий л хөрөнгөө гадаад дотоодын компаниудад шилжүүлсэн нь хуулийн байгууллагынхны анхааралд өртсөн байна. Хамаг хөрөнгөө гадаад, дотоодод зарсан түүнийг улсад учруулсан хохирлоо барагдуулж чадах эсэх нь эргэлзээтэй л байна.
Гэвч тухайн үеийн Ерөнхий сайдтай нэг байрны хөрш түүнийг бариад авах зориг дутсан байх. Хөршийг нь Ерөнхий сайдын суудлаас буусны дараа түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа хэдий ч гүйцэт шийдэгдэж чадалгүй даруй зургаан жилийг ардаа орхижээ. Үүний үр дүнд түүний тавьсан өрийг “Эрдэнэт үйлдвэр” өөрөө төлж, ийм хэмжээний мөнгийг гаргах чадалтай гэж удирдлага нь үйлдвэрээрээ бахархаж сууна.
Ер нь ч тэгээд төрийн мэдэлд байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51%-ийг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн банкинд барьцаанд тавих ямар ч боломж байхгүй гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа.