Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Тодруулбал, бохирын лагийг цэвэрлэж байсан хоёр ажилтан лаг руу унасан бөгөөд тэдэнд туслахаар очсон хоёр ажилтан ч бас лаг руу унаж улмаар амь насаа алджээ.
Эх сурвалж “өнөөдөр 15:47 цагт Нийслэлийн аврах ангид Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан лаганд уналаа гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу аврагчид шуурхай ажиллаж, төв шугамаар ирэх бохирыг хаасан ч ус алдаж байсан аж. Энэ үеэр газ алдагдаж, шумбалт хийх боломжгүй байсан бөгөөд 5 метрийн урттай төмрөөр тэмтэрч, ажилтнуудыг хайжээ. Ингээд 16:34 цагт хоёр ажилтны, 17:09 цагт гурав дахь ажилтны, 17:23 цагт дөрөв дэх ажилтны цогцсыг гаргаж авсан байна. Энэ үеэр таван машин, хоёр мотопомпоор(насос) тасралтгүй лагийг соруулж байжээ.
Тус хэрэгтэй холбогдуулан УСУГ-ын даргаар ахлуулсан албаныхан, хотын удирдлагууд яг одоо Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байна” гэх мэдээллийг өглөө.