Өнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу “Эхийн алдар” I, II зэргийн одонг олгох тухай хууль эрх зүйн зохицуулалтын талаарх асуудлыг авч хэлэлцлээ. Гишүүдэд мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хийлээ.
2018 онд нийгмийн халамжийн сангаас 218.6 мянган одонтой эхэд 30.0 тэрбум төгрөг олгожээ. Энэхүү мөнгийг олгохдоо хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100.000, нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200.000 төгрөгийг нэг удаа олгожээ. Энэхүү олгосон мөнгө нь нийгмийн халамжийн сангийн зардлын 7.2 хувь болж байгаа юм. Жилд дунджаар 4500 эх нэмэгдэж “Эхийн алдар” одонгийн мөнгө авч байгаа аж.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, “Өнөөдрийн байдлаар жилд дунджаар 78 мянган эх төрж байгаа бөгөөд 4 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх тэтгэмж авч байгаа. Одоогийн хэрэгжиж буй хуулийн үзэл баримтлал нь хүн амын өсөлтөд бодитойгоор хүрч чадахгүй байна. Иймээс Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад УИХ-ын гишүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналыг тусгахаар ажиллаж байна.
Мөн дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх насан туршдаа улсаас халамжийн тэтгэмж хүртэх эрхтэй байгаа нь хэт өргөн хүрээг хамарч, бусад халамжийн хөтөлбөрүүдтэй харьцуулахад сүүлийн жилүүдэд төсөвт ихээхэн хэмжээний ачаалал үүсгэж байна” гэж мэдэгдлээ.