Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны гэр бүл бүхий хоёр иргэн тарваганы түүхий бөөр, элэг, хүн мах идсэний улмаас тарваган тахал өвчнөөр нас барсан нь шинжилгээгээр тогтоогджээ. Тарвага гэх амьтаны элэг, цөс, хүн маханд тарваганы өвчин үүсгэгч бактери нян нь хамгийн их байдаг бөгөөд нян үүсэх зохимжтой орчин гэж үздэг байна. Тус гэр бүлийн хувьд бага насны 0-12 насны дөрвөн хүүхэдтэй юм.
Энэхүү хэрэг гарсантай холбогдуулан Цагааннуур тосгон, Өлгий сум, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хорио цээрийн дэглэм тогтоож, сум,тосгон уруу орж, гарах бүхий л хөдөлгөөнийг зогсоосон байна.
Мөн өчигдөр Баян-Өлгий-Ховд-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж байсан агаарын хөлгийг буцаан газардуулж, зорчигчидод тусгаарлан үзлэг хийжээ. Тус хөлөгт Ховд аймгаас 47, Баян-Өлгий аймгаас 11, нийт 58 зорчигч байсан бөгөөд тэдэнд Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хилийн мэргэжлийн хяналтаас бүрдсэн тусгай баг үзлэг хийн, дараагаар нь эмнэлэгт хүргэсэн юм.
Харин өнөөдөр ХӨСҮТ-өөс хийсэн шинжилгээний хариу гарч Баян-Өлгий аймгаас зорчиж байсан 11 хүн бүгд халдваргүй гэсэн оноштойгоор эмнэлэгээс гарчээ.