ТОКИО. /asia.nikkei/. Эдийн засгийн асуудлууд өнөөдөр болж байгаа Монгол Улсын бүх нийтийн сонгуулийн анхаарлын төвд байна. Дэлхийн зах зээлд ашигт малтмалын ханш унаж байгаатай холбоотойгоор Зүүн Хойд Азийн далайд гарцгүй энэ улсын эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа юм.
Лхагва гарагийн сонгууль нь тус улс 1990 онд ардчилалд шилжсэнээс хойших 7 дахь бүх нийтийн сонгууль бөгөөд нэг танхимтай хууль тогтоох байгууллагын 76 суудлын төлөө 496 хүн өрсөлдөж байна. Өнгөрсөн гурван сонгуулиар нэг нам дангаараа дийлэнх олонх болж чадаагүй бөгөөд сүүлийн жилүүдэд тус улсыг дандаа эвслийн засгийн газрууд удирдсан.
Өнөөдрийн сонгуулийн дүн маргааш гэхэд үндсэндээ тодорхой болно. Авлигатай холбоотой шуугианд өртөж, эдийн засгийг сэргээх бодлого хэрэгжүүлж чадаагүй эрх баригч Ардчилсан намаас илүүтэйгээр сөрөг хүчний Монгол ардын намыг дэмжиж байгаа хүмүүсийн тоо олон байгааг олон нийтийн санал асуулгуудын дүн харуулж байна.
Тус улсын эдийн засаг нүүрс болон бусад ашигт малтмалаас ихээхэн хамааралтай. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ оргил үедээ хүрч байхад буюу 2011-2013 онд тус улсын ДНБ 2 оронтой тоогоор өсч байсан юм. Харин ашигт малтмалын ханш унахтай зэрэгцээд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарснаар Монголын ДНБ-ий өсөлт 2015 онд ердөө 2.3 хувь болж буурсан юм.
Санхүүгийн нөхцөл байдал улам муудсанаар Монголын Засгийн газар бондуудын төлбөрөө төлж чадахгүйд хүрч магадгүй гэж мэргэжилтүүд түгшиж байна.
Хангалттай ажлын байр байхгүй
Хөдөө орон нутгаас олон хүн ажил хайн нийслэл рүү нүүж байна. Тэд гол төлөв хотын захын гэр хороололд суурьшдаг. Тогтмол ажилгүй, орлого багатай тэдний олонх нь Улаанбаатарын захад уул толгодын энгэрт уламжлалт сууц болох гэрээ барьж амьдардаг.
Гэр хорооллынхон цахилгаан эрчим хүчтэй боловч дэд бүтцээс хамаараад зарим газар гэрэл цахилгаангүй. Зам нь хүртэл хатуу хучилтгүй. 32 настай нэгэн эмэгтэй Монголын өмнөд нутгийн аймгаас хотод ирэн гэр хороололд суурьшжээ. Түүний нөхөрт байнгын ажил олдохгүй байгаа аж.
Тэднийх сарын 40 мянган төгрөгийн орлоготой. Энэ нь засгийн газраас олгодог хүүхэд асаргааны мөнгө гэнэ. 40 мянган төгрөгийн дийлэнх хувийг нь гэрэл цахилгаан болон түлшинд өгчихдөг аж. \”Бид зээлээс зээлийн хооронд л амьдарч байна даа” гэж энэ эмэгтэй нүдэндээ нулимстай ярилаа.
Хотын гэр хороолол өргөжин тэлсээр
Сонгинохайрхан бол хамгийн том гэр хороололтой дүүргүүдийн нэг. Тус дүүрэгт бараг 300 мянга орчим хүн амьдардаг бөгөөд хүн амын тоо жилд 5000-6000-аар өсч байна. Улаанбаатарын гэр хорооллын бүх оршин суугчдын тоог нэмбэл 700 мянгаас давж магадгүй. Өөрөөр хэлбэл, Монголын нийслэлийн хүн амын талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байна.
Ардчилсан намыхан нийгмийн аюулгүй байдлын тогтолцоог сайжруулна гэж амлаж байна. Харин Монгол ардын намынхан гэр хорооллын оршин суугчдаас авдаг татварыг багасгах зэргийг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Хоёр намын аль аль нь хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн өгнө гэж амлаж байгаа бол засгийн газрын албаны хүмүүсийн зарим нь санхүүжилт дутагдалтай байгаа учир хүүхдийн мөнгө өгөх \”боломжгүй” гэж үзэж байна.
Г.Доржханд
Эх сурвалж \”Монцамэ\” агентлаг