Өнөөдөр АНУ-ын Мэргэжлийн сагсан бөмбөгийн талбайд сонирхолтой тоглолт явагдлаа. Бүсийн финалд шалгарах эрхийн төлөө тоглож буй Бостон Селтикс болон Милоуки Бакс багуудын цувралын тав дахь тоглолт 91:116-ийн харьцаатай өндөрлөсөн юм. Өмнөх дөрвөн тоглолтонд Милоуки Бакс 3:1-ийн харьцаатай тэргүүлж байсан билээ. Тиймээс Бостон Селтикс баг энэхүү тоглолтонд хожигдох эрхгүйгээр тоглолоо.
Хоёр багийн эхний тоглолтонд Бостон өрсөлдөгчөө 22 онооны зөрүүтэй хожиж цувралыг тун амжилттай эхлүүлсэн. Гэвч тэд дараалан гурав хожигдон тун хэцүү байдалд ороод байсан юм.
Өнөөдрийн тоглолтонд Милоуки багийн Яннис Антэтокунмпө 20 оноо 8 самбар 8 оновчтой дамжуулалт, Крис Миддлтон 19 оноо 8 самбар 5 оновчтой дамжуулалт өгсөн бол энэ цувралд маш сайн тоглож байгаа Жорж Хилл 16 оноо, Пэт Коннотон 7 оноо 11 самбар авч багтаа хожил авчирчээ.
Харин Бостоны Кайри Ирвинг 15 оноо авч багаа тэргүүлсэн бол Жэйсон Тэйтум Маркус Моррис нар тус бүр 14 оноо авсан байна.
Ийнхүү хоёр багийн цуврал таван тоглолтоор шийдэгдэж Милоуки Бакс баг 2001 оноос хойш үзүүлж чадаагүй байсан амжилт болох бүсийн финалд шалгаран үлдэж байгаа юм.
Маргааш Торонто Рэпторс болон Филадельфиа 76 багуудын цувралын зургаа дахь тоглолт болох хуваарьтай. Хэрэв энэхүү тоглолтонд Рэпторс хожвол бүсийн финалд шалгаран үлдэнэ. Харин Филадельфиа хожвол хожлын харьцаа тэнцэж долоо дахь тоглолт гарах учиртай. Тэдний хожсоныг өрсөлдөгчөө таван тоглолтонд хожсон Милоуки Бакс хүлээж байгаа юм.