БНСУ-ын Техник, технологийн судалгааны төвийн инженер, профессор Шин Бён Чон тэргүүтэй албаны хүмүүс нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагватай уулзлаа.
Тус судалгааны төвийнхөн цахилгаан соронзон галт тэрэг (maglev) зохион бүтээн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлжээ. БНСУ-ын Инчёон хотын нисэх буудалд тус галт тэргийг 2016 оноос ашиглаж эхэлсэн байна.
Нэг бүхээгт ойролцоогоор 115 хүн тээвэрлэнэ
Уг цахилгаан соронзон галт тэргийг зохион бүтээгч профессор Шин Бён Чон байгальд ээлтэй, эдийн засгийн үр өгөөжтэй, Монгол оны цаг уурын нөхцөлд тохирно гээд олон давуу талтай талаар танилцуулсан юм. Галт тэрэгний дугуй замтайгаа хавирдаггүй учир дуу чимээ гаргаж, тоос, тоосонцор дэгдээдэггүй аж. Нэг бүхээгт ойролцоогоор 115 хүн зорчих боломжтой, зорчигчид цахимаар төлбөрөө төлдөг системтэй, жолоочгүй, ухаалаг технологиор удирддаг учир эдийн засагт ч хэмнэлттэй гэнэ. Мөн чимээгүй гаргахгүй тул албан байгууллагын дэргэдүүр эсвэл барилгын дотуур явуулах боломжтой юм байна. Тиймээс уг цахилгаан соронзон галт тэргийг Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой гэж тэд үзэж буй аж.
Улмаар эхний ээлжинд Эхнтайваны өргөн чөлөөний 11.6, Чингисийн өргөн чөлөөний 8.4 км замд явуулах боломжтой гэсэн судалгаа хийжээ. Нийслэлийн удирдлага дэмжлэг үзүүлбэл үргэлжлүүлэн судалгаа хийж, ТЭЗҮ боловсруулан, шаардагдах зардал, эдийн засгийн үр өгөөжийг судлах санал уулзалтын үеэр гаргасан юм. Мөн нийслэлийн ИТХ-ын даргыг БНСУ-д айлчилж, тухайн техниктэй танилцахыг урьсан.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва уг санаачилгаас татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлээд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйл ажиллагаанд хүндрэл бий. Хүн ам олон учраас төдий чинээгээр олон автобус явуулах шаардлага гардаг. Энэ нь замын түгжрэлийн нэг том шалтгаан болж байгаа. Нийслэлийн удирдлага үүнийг өөрчлөх зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Гэхдээ энэ мэт ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх нь зөв. Харин хамтын ажиллагаа шударга, харилцан ашигтай, эдийн засаг, нийгмийн үр өгөөж өндөртэй байх ёстой. Тиймээс нийгмийн үр өгөөж өндөртэй, эдийн засагт хэмнэлттэй, ухаалаг технологи нэвтрүүлэх сонирхол их байна” гэлээ. Мөн тэрбээр “Бид өмнө нь Улаанбаатар хотод тусгай замын автобус явуулахаар туршсан боловч уг ажил тийм ч амжилттай болоогүй. Нөгөө талаар манайд зардал өртөг багатай, хурдан, хөнгөн, ухаалаг тээврийн хэрэгслийн шаардлага их бий” гээд эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нь нарийн тооцсон, тодорхой, нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан танилцуулах санал хэллээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ