Аливаа улсын хил нь тухайн улс орны нутаг дэвсгэрийн зах хязгаарыг хөрш улс орны нутаг дэвсгэрээс нарийвчлан зааглаж тогтоосон шугам байдаг. Улсын хил бүрэлдэн тогтох нь хэдхэн жилийн хэрэг явдал бус, түүхийн урт хугацаанд хөрш орнуудын улс төрийн харилцааны явцад аажим алгуур бүрэлддэг бөгөөд зэрэгцэн оршдог субъектүүдийн болон олон улсын хэлэлцээрээр баталгаажиж, улс орны үндэсний тусгаар тогтнолын эрхэм чухал шалгуур болдог.
Эрт цагаас Төв Азийн хил хязгаарын тухай ойлголт, уламжлалт мэдлэг бусад улс түмнээс их онцлогтой. Энэ онцлог, ялгагдах зүйл нь нийгмийн ахуйтай, тэр дундаа эрхлэх гол аж ахуй болсон нүүдлийн мал аж ахуйтай, мөн мал адгуулан өсгөхөд зохицсон байгаль, газар зүйн бүс нутагтай холбоотой юм.
Монгол нутагт байгуулагдсан нүүдэлчдийн анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр \”өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур, баруун зүг Ил тарвагатай, дорно зүг Солонгос хүртэл уудам их нутгийг эзлэн” оршин тогтнож байжээ. Монгол нутаг дахь анхны хилийн цэрэг, хил хамгаалалтын албаны үндсэн суурь Хүннү улсын үед тавигдсан байна. Учир нь Хүннүчүүд дорнод Ху ба Хятадын Хан улстай хиллэх нутгийнхаа хил хязгаарын дагуу харуул суулгаж, хилийн харуулаа \”Оуто” хэмээдэг байв. Сурвалжид тэмдэглэснээс үзэхэд Хүннү улсад хил хязгаар хариуцсан ван цолтныг \”Оуто ван” хэмээн нэрийддэг байсан байна.
Чингис хаан тархай бутархай олон овог аймгуудыг 1206 онд нэгтгэн Их Монгол улс байгуулсан тэр үед Монгол улсын газар нутаг \”умард байгалиас өмнөд Түмэн газрын цагаан хэрэм хүртэл, зүүн зүг Хянганы нуруунаас өрнө зүг Алтайн уулс өнгөртөл өргөн уудам газар, нутаг, дэвсгэрийг хамарч байжээ. Их Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалт Өгөдэй хааны үед гүйцэд төлөвшин тогтжээ. Өгөдэй хаан улс иргэний газар нутгийг хувааж өгөхдөө энэхүү хуваарилалтаас уламжлан Их Монгол улсын гадаад хил хязгаар ч нарийсан тодорхойлогдсон юм.
Харин хил хаагуур, ямар байдалтай байсан талаар сурвалжийн мэдээ сэлт хомс тул Их Монгол улсын хил хязгаарыг багц тойм байдлаар л гаргах боломжтой. Тэр үед Монголын зүүн, зүүн өмнөдөд Зүрчидийн Алтан улс, баруун өмнөдөд Тангуд улс байжээ. Эдгээр улсуудтай зах нийлж байсан хилийн шугам хаагуур, ямар байдалтай байсан нь тодорхойгүй. Их Монгол улс Алашаагийн говь, Эзний голын хойд талаар Тангуд улстай, Цагаан хэрмээр Алтан улстай зах нийлж хиллэж байсан тухай төсөөлөл байдаг.
Чингис хаанаас хойшхи Монголын их хаадын явуулсан байлдан дагууллын үр дүнд Ази, Европыг хамарсан өргөн уудам нутагт монголын эзэнт гүрэн тогтжээ. Их Монгол улсын гадаад зах хязгаар улсын хил байхаа больж, эзэнт гүрний гол нутаг суугуул Монгол орон бусад эзэмшлүүдийн хоорондох дотоод хил хязгаар болон хувирсан байна.
Монголын эзэнт гүрэн 1260-аад оны үеэс Монгол, Түвд Хятадыг батгаасан Юань улс, Дундад Ази, Дорнод Туркестаныг хамарсан Цагадайн улс, Иран, Ирак, Өвөр Кавказын эзэлсэн Хулагугийн буюу Ил хаадын улс, Кипчакийн тал, өмнөд оросыг багтаасан Алтан ордны улс гэсэн дөрвөн том улсад хуваагдсан юм.
Хятадад төвлөрөн тогтнож байсан Монголын Юань улс /1262-1368/ унаснаар монголын эрх баригчид эх нутагтаа буцаж иржээ. Их Монгол улсын газар нутаг, түүний гадаад зах хязгаар XVII зуун хүртэл үндсэн төрлөө хадгалсаар иржээ. Харин XIV зуунаас эхэлсэн улс төрийн тархай бутархай байдал монголын нэгдмэл байдлыг сулруулж, монголчууд өмнөд монгол, Халх монгол, Баруун монгол буюу Ойрад гэсэн харьцангуй биеэ даасан гурван хэсэгт хуваагдахад хүргэжээ. Тийнхүү хуваагдахад байгаль, газарзүйн орчны нөлөө багагүй байв. Өмнөд ба Халх монгол их говиор зааглагдаж, Халх ба Ойрад монголын нутгийн зах Алтай, Хангайн уулсын завсрын нуур, гол, мөрний дагуу байжээ.
XVII зууны эхэн үеэс монголын хойд, урд хоёр талаас түрэмгийлэн эзлэх Хаант Орос, Манж Чин улсын бодлого эрс идэвхжжээ. Харамсалтай нь түүнийг сөрөн эсэргүүцэх нэгдсэн зохион байгуулалттай хүчин монголд байхгүй байв. Чингэж хөрш улс гүрнүүдийн бодлогоор монголын газрын зурагт өөрчлөлт орохын эхлэл тавигдсан юм.
1632 онд Лигдэн хаан Манж болон өвөрлөгч ноёдын цэргийн хүчинд цохигдон Хөх нуурыг зүглэн яваад Шар тал хэмээх газар нас эцэслэжээ. Чингэж Лигдэн хааны манжийг эсэргүүцсэн тэмцэл дарагдснаар 1636 онд өмнөд Монгол Манжийн захиргаанд оржээ. Өмнөд монгол Манжид эзлэгдсэнээр Цагаан хэрмээр байсан Монгол улсын хил халх монголын нутгийн урд захаар болон дотогшлон тогтжээ. Чингэснээр Халх, Өмнөд монголын нутгийн зааг болж байсан хилийн дээс нь 1636 оноос Халх монгол, Манж чин улс гэсэн хоёр улсын хил болон хувирав.
1691 онд Халх Монгол Манжийн захиргаанд орсноор Халх, Өмнөд Монголын хил Манж чин гүрний харьяан дахь эзэмшил нутгийн зааг дээс болон хувирчээ. Монгол улсын хил хязгаар ч маш их хумигдан барууншилж, Зүүнгарын /Ойрад/ хаант улсын нутгийн зах хязгаараар тогтох болжээ. XVI зуунаас оросууд Сибирийн аймгуудыг эзлэн түрэмгийлж, Монголын нутгийн хойд талаас түрж шахах болсон. Чухам үүнтэй уялдан хойд нутгаа монголчууд зохих ёсоор анхаарах, өөрсдийн нутаг бэлчээрээс зах заагийг нарийн тодорхойлон тогтоох, түүнийгээ сахин хамгаалах шаардлагатай болсон.
Монголчууд Сибирь, Байгаль нуур хавийн газар нутагт бүрэн суурьшиж чадаагүй нь тэдний эрхлэх үндсэн аж ахуйтай нь холбоотой бөгөөд энэ нь нүүдлийн мал сүргийг тал хээрийн бүс нутагт адгуулан хариулах боломжтой байдгаар тайлбарлагдана. Ой тайгаар оршин амьдрагч анчин гөрөөчин овог аймгууд нүүдэлчдийн хараат түшмэг байдалтай оршиж байжээ.
XVI зуунаас Орос улс Сибирт нэвтрэн орж, эзлэн суурьших бодлогыг идэвхтэй явуулах болжээ. Оросын засгийн газраас Сибирь рүү газар зүйн шинжилгээний анги, хасаг цэргийн отрядуудыг илгээж, газар орны байдал, байгалийн баялаг, нутгийн оршин суугчдын аж амьдрал, эрхлэх аж ахуй, шашин шүтлэгийг тагнан мэдэж, Оросын эзлэн түрэмгийлэх төрийн бодлогыг боловсруулахад хэрэгтэй мэдээ сэлт цуглуулж байв. Үүний дараагаар гол зангилаа газарт шивээ, өвөлжөө байгуулж бэхжээд нутгийн овог аймгуудад Оросын хааны эдийн алба ноогдуулан харьяат болгож байжээ.
Сибирь дэх Оросын томхон хот, бэхлэлтүүдийг дээд газрын даалгавраар урьдаас төлөвлөсөн газар, тусгайлан бэлдсэн зураг төслөөр мэргэжлийн барилгачид, цэргийн инженерүүдийн удирдлагын дор барьж байгуулж байв.
Сибирийн суугуул иргэд Оросын түрэмгийлэх бодлогыг нэг бус удаа эсэргүүцэн тэмцсэн боловч тэднийг цэрэг зэвсгийн хүчээр номхотгон дарж байв. Учир нь Сибирийн овог аймгуудын нийгмийн хөгжлийн төвшин доогуур, хүн ам нэн ялангуяа эрэгтэйчүүд цөөн байсан нь Оросын газар нутгийн түрэмгийллийг хүчтэй сөрөн эсэргүүцэж чадахгүй байсны илрэл юм.
Манжийн Энх-Амгалан хаан Оросын газар нутгийн түрэмгийллийг эсэргүүцсэн халхчуудын тэмцлийг дэмжиж, 1676 онд Түшээт хан Чахундорж, Баатар хунтайж, Өндөр гэгээн нарт их бэлэг сэлт бүхий элч илгээж, Оросын эсрэг Халх, Манжийн улс төр, цэргийн холбоо байгуулан Манжтай хэлэлцээ хийхээр ирсэн Ф.А.Головин тэргүүтэй төлөөлөгчдийг довтолж байжээ. Хаант Орос, Манж чин улсын дунд орших Халх монголын Ойрадтай ойртон хүчээ нэгтгээгүй цагт нэг бол Орос эсвэл Манжид эзлэгдэх хувь тавилан хүлээж байв. Энэ үед Оросууд Сибирь болон буриад монголчуудыг эрхэндээ оруулсны адилаар Халхыг амар эзэлж хараахан чадахгүй байсан бөгөөд үүнд Сибирь дэх Оросын цэргийн хүч хүрэлцэхээргүй байжээ.
Галдан бошгот Халхыг эзэлж, Оросоос цэргийн тусламж авсан хэмээн цуурхаж байсан тул Манж нар Ойрад, Оросын цэргийн холбоо байгуулагдахаас айн болгоомжилж, Оростой найрамдал тогтоохыг яаравчилжээ. Хаант Оросын хувьд энэ боломжийг ашиглан Манжтай хилийн гэрээ байгуулж авах ашигтай тохироо бүрджээ.
Хэлэлцээр 1689 оны 8-р сарын 12-нд Оросын Нерчүү хотын дэргэд эхэлсэн бөгөөд Манжийн талыг гүн Согот, Оросын талыг гүн Ф.А.Головин нар тэргүүлж байв. Манж Орос хоёр 1689 оны 8-р сарын 27-нд Нерчүү шивээнд хилийн гэрээ байгуулж, найрамдалын харилцаа тогтоожээ. Нерчүүгийн гэрээгээр тус тусын эзэлж авсан нутгаа зааглаж, хоёр улсын хилийн Хар мөрний баруун хэсгээр тогтоожээ. Хожим 1858 онд Аргуны хэлэлцээрээр дутуу орхисон зүүн ба хойд хэсгийн хилийг бүрэн гүйцээж тогтоосон байдаг.
Манж нар \”Ариун хамар” хүртэл, Агнуурын тэнгис төдийгүй Камчатскийн ихэнх хэсгийг өөртөө авахыг зорьж байсан бол Оросууд Байгаль нуур, Агнуурын тэнгисийн эрэг хавийн нутгийг авч үлдэн Хар мөрнөөс урагших газрыг Манжид өгснөөр хэлэлцээр дуусгавар болсон. Энэ хэлэлцээрээр Манж нар Оросыг баруун, зүүн Сибирь, Байгаль нуур хавийн асар уудам нутагт эзэн байх эрхийг хүлээн зөвшөөрчээ.
Хил тогтоох хэлэлцээрийн хоёр дахь үе Халх Оросын хил орчмын Буур голын хөндийд 1727 оны 8 дугаар сарын 25-нд Манжийн талаас амбан сайд Тулушин, Халхын ван Эфү Цэрэн, Оросын талаас гүн Рагузинский нар тэргүүлж Буурын гэрээг байгуулав. Уг гэрээгээр Баргын нутаг дахь Эргүнэ голын зүүн эргийн Авгайт уулнаас Саяны нурууны Шавинайн даваа хүртэл Монголын хойд хилийг тогтоожээ.
Хилийн шугамыг газар дээр нь тодорхойлон тогтоох ажил нь Хиагт горхи дахь Монгол, Орос хоёр харуулын хоорондох газрыг тэгш хуваан голд нь овоо босгон \”Дундын овоо” хэмээн нэрийдээд түүнээс баруун, зүүн тийшхи хилийн шугам, овоо тэмдгүүдийг босгон байгуулжээ.
Манжийн хиа Хувьт, хаван Наянтай, Оросын хилийн комиссар И.Глазунов нарын толгойлсон зүүн зүг явсан ажлын хэсэг Дундын овооноос Эргүнэ голын эрэг дэх Авгайт уул хүртэл Халх, Баргын нутгийн хойд талаар хилийн 63 хос овоо тэмдэг босгоод түүнийгээ тодорхойлсон бичиг үйлдэж, 1727 оны 10-р сарын 12-нд Авгайт уулан дээр гарын үсэг зуран солилцжээ .
Дундын овооноос баруун зүгт одсон хэсэг Дундын овооноос эхлэн Тагнын Тувагийн баруун хойно орших баруун Саяны нурууны Шавинайн даваа хүртэл Халх, Хөвсгөлийн урианхай, дархад, Тагнын Тувагийн нутгийн хойд захаар хилийн 24 хос овоо тэмдэг босгож, андалдах бичгийг 1727 оны 10-р сарын 27-ны өдөр Шавинайн даваан дээр солилцжээ.
Тийнхүү Баргын нутгийн зүүн хойд захын Авгайт уулнаас тагнын Тувагийн баруун хойд талын Шавинайн даваа хүртэл 87 хос овоо босгохдоо хилийн овоог хөдөлгөх, зөөхөөс сэргийлэн монгол, орос хэлээр бичиг бичиж, модонд хавчуулан хүмүүст үзүүлэхгүйгээр захын хоёр овооны хооронд булсан байна.
Монгол, Оросын хилийг албан ёсоор тогтоож, чандлан хамгаалах болсон нь XVII зууны дунд үеэс Монголын нутгийн баруун хойд, хойд талаас хүчтэй түрэх болсон Оросын газар нутгийн түрэмгийллийг зогсоох чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон ч Монголчуудын уугуул нутгаас ихээхэн газар нутаг алдагдсан түүхийн нэгэн хар толбо болон үлдсэн юм.
Манжийн эсрэг явуулсан Галдан бошготын тэмцэл дарагдсанаар Ойрад, Халхын нутгийн хил хязгаарт томоохон өөрчлөлт оржээ. Галдан бошготын Манжийн эсрэг тэмцлийн гол бааз, тулгуур болж байсан Улаангомын тариалангийн газар, Ховд голын сав газар, Урианхай зэрэг нилээд хэмжээний газар нутгаа Манжид алдсанаар Ойрад Халхын нутгийн хил барууншилж, Монгол Алтайн нуруу хавиар тогтох болсон байна.
Манжийн түрэмгийлэгчид Зүүнгарын улсын хаан ширээний төлөө эхэлсэн дотоодын самууныг ашиглаж, 1756 онд Зүүнгарын улсыг байлдан эзэлж авчээ. Оросын газар нутгийн түрэмгийлэл болон Манж нар Зүүнгарын хаант улсыг байлдан эзэлсний уршгаар Монголын нутгийн баруун хил хязгаарт ихээхэн өөрчлөлт гарчээ. Урьдын Зүүнгарын хаант улсын нутгийн үлэмж хэсэг Зүүнгарын Алатау нурууны ар бие, Догол нуур, Төмөрт нуур, Долоон ус гол, Или мөрний дунд ба адаг урсгалын сав газар Оросын мэдэлд, үлдсэн ихэнх нутаг манжийн харьяанд оржээ.
Манжийн түрэмгийлэгчид Хойдын ноён Амарсанаагийн бослогыг цус урсган дарж Ойрад монголчуудыг бараг үлдээлгүй аллага үйлджээ. 1760 онд Ойрадын газар нутагт уйгаруудаар голлосон цэрэг-засаг захиргааны онцгой нэгж Шинэ хязгаар-Шинжааныг байгуулсан юм. Зүүнгарын улсын үндсэн хүн амын олонхи нь алагдаж, зарим хэсэг нь зүг бүр дүрвэн явсан, үлдэж хоцорсон нь тооны хувьд цөөн төдийгүй, эзэмшиж буй нутаг бэлчээр нь бага тул Уйгур угсааны монголын нутгийн баруун зах хязгаарыг 1760 аад оны үеэс Халх монголын Ховдын хязгаараар авч үздэг.
Хаант Орос, Манж Чин улс хоёр 1864 оны 9 дүгээр сарын 25-нд Тарвагатайн нурууны өвөрт орших тарвагатай /одоогийн Чугачук/ хотод байгуулсан гэрээгээр хуучин Зүүнгарын Хаант улсын нутгийн хойд хилийг буюу Тагнын Урианхайн Шавинайн даваанаас баруун тийшхи хилийг тогтоохдоо монголчуудыг огт оролцуулаагүй ажээ. Уг гэрээгээр Тарвагатайн нуруу, түүний ар бие, хөндий, Хар эрчим голын адаг, Зайсан нуур, Мароканоль нуур зураг Зүүнгарын улсын нэлээд нутаг Оросын мэдэлд орсон байна.
XVII-XVIII зууны Оросын газар нутгийн түрэмгийлэл, Казахын хаад ноёдын байнгын довтолгооны улмаас Монголын газар нутаг баруун талаасаа нэлээд хумигдаж иржээ. Манжийн түрэмгийлэгчид Зүүнгарын хаант улсын үндсэн хүн амын ихэнхийг хядаж, уг газар нутагт нь уйгуруудаар голлосон цэрэг засаг захиргааны онцгой нэгж Шинэ хязгаар-Шинжааныг байгуулснаар Монголын баруун нутаг, хил хязгаарт том өөрчлөлт орсон юм.
Манж Чин улсын ноёрхлыг эсэргүүцсэн бослого, хөдөлгөөнүүд ХХ зууны эхээр Хятад, Монгол улсад өрнөж, Халхын ноёдын төлөөлөгчид Хаант Орос улсаас дэмжлэг авч, Манжийн захиргааг халж, 1911 оны 11 дүгээр сарын 29-нд тусгаар тогтнолоо зарлаж, Богд Жибзундамбыг хаан ширээнд өргөмжлөн улсын нэрийг Монгол хэмээн төрт ёсоо дахин сэргээв.
Богд хаант Монгол улсын засгийн газар хойт зүгийн зах хязгаарыг хамгаалж ирсэн эртний өрхийн гэр болон суман харуулуудыг өөрчлөн зохион байгуулж, Хаант Орос Монгол улсын хилийг өрхийн харуулуудаар хамгаалуулах болжээ. Харуулууд нь улсын хил хамгаалахын зэрэгцээ сүм, дуган шүтээний бүрэн бүтэн байдлыг давхар хариуцдаг байв.
Богд хаант Монгол улсын засгийн газрын бодлого нь Манж, Хятадын дарлалаас Өвөрмонгол, Баргын газар нутгийг салган авч өөртөө нэгтгэн Монгол үндэстний хүчирхэг төр улсыг байгуулах улс төрийн сонирхолтой байлаа. Гэвч тэр үеийн Орос, Хятадын засгийн газрын бодлогоос шалтгаалан хүчин мөхөсдөж дээрх зорилгодоо хүрч чадаагүйгээр барахгүй газар нутгаа алдсан юм.
1913 оны 10-р сард Орос Хятад хоёр улсын Бээжинд байгуулсан тунхаглалаар Алтайн хязгаарт Хятад улс, Тагна Тувагийн хязгаарыг Хаант Орос тус тус авахаар хэлэлцэн тохирсон байна. 1913 онд Хятадын засгийн газар Алтайн хязгаарыг хүчээр нэгтгэн авахаар үлэмж цэргийг Монголд түлхэн оруулж, зарим газрыг эзлэн авснаар Монгол, Хятадын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ. 1913 оны 12-р сард Монголын талыг Шар сүмд байсан Оросын консул М.Н.Кузьминский, Хятадын талыг Торгуудын ван Балт нар төлөөлөн байлдааны ажиллагааг зогсоох хэлэлцээр байгуулж, Алтайн нуруугаар Цагаан түнгэ хүртэл цэрэггүй бүс тогтоожээ.
1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр Хаант Орос, Хятад хоёр Алтайн нуруугаарх цэрэггүй бүсийн шугамыг улсын хил хэмээн Монголд хүчээр тулган хүлээлгэж, 1914 онд Тагнын Тува, Хаант оросын эзэмшил болсныг баталсан байна. Ингэж Алтайн нурууны өмнөд бэл, Хар эрчис, Чингил, Булган, Өрөнгө голууд, Өрөнгөр нуурын сав дагуух Монголын нутаг Хятадын мэдэлд оржээ.
1915 оны Монгол, Орос, Хятад гурван улсын Хиагтын гэрээгээр тогтоосон Хаант Монгол улсын нутаг дэвсгэрийн зах хязгаар одоогийн Монгол улсын гадаад хилийн үндэс болж байна.
Монголчууд тусгаар тогтнолоо 1915 оны Хиагтын гэрээгээр устгуулж, 1919 онд Хятадын цэргийн эрхтнүүдэд эзлэгдэж үндэсний хөдөлгөөнүүд өрнөн 1921 онд хувьсгал хийн ялснаар ХХ зууны Монголын түүхэнд шинэ үе эхэлж, тус оронд нийгэм эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлтүүд хийгдэх болов. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын түүхэн гавьяа нь дэлхийн олон улсын тавцанд тусгаар тогтносон бүрэн эрхэт Монгол улсыг дахин гарган улсын хил хязгаар, газар нутаг, ард түмний уламжлалт зан заншил, соёлыг баттай авч хадгалан үлдээсэнд оршино.
Монгол улсын өмнөт хил нь 1695-1850 онд орон нутгийн хэмжээнд Ар, Өвөр Монголын эртний аймаг, хошуудын бэлчээр нутгийн хуваариас үүсгэн тогтоогдож, овоо тэмдгүүдээр тэмдэглэгдэн тогтоогдсон түүхтэй.
Монгол Улс, БНХАУ-тай 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдөр \”БНМАУ ба БНХАУ-ын хилийн Гэрээ” байгуулж, 1964 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гарын үсэг зурсан \”БНМАУ-ын Засгийн газар ба БНХАУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан хоёр улсын хилийн тухай Протокол”-ын дагуу 1962-1964 онд хилээ газар дээр нь тогтоон тэмдэглэж, 1982-1984 онд анх удаа хамтран шалгаж, хоёр дахь удаагийн хамтарсан шалгалтыг 2001-2005 онд явуулж дуусгажээ.
1962 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан \”БНМАУ ба БНХАУ-ын хилийн гэрээ”-нь НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт бүртгэгдсэн олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийн 14375 тоот бүртгэлд 1975 оны 10 дугаар сарын 09-нд бүртгэсэнээр манай улсын өмнөд хил олон улсын хэмжээнд баталгаажсан байна.
Монгол, Оросын хил нь Монгол улс Манж чин улсад дагаар орсны дараа Хаант Орос улс, Манжийн хооронд байгуулсан 1689 оны Нерчүүгийн хилийн гэрээ, 1727 оны Буурийн гэрээ, Хиагтын гэрээ, 1864 оны Тарвагатайн протокол, 1881 оны Санкт-Петербургийн гэрээгээр анх үүсгэн тогтоогдсон.
Энэхүү тогтоосон хилийг баримтлан Монгол улсын хойд хил нь БНМАУ, ЗСБНХУ (хуучин нэрээр)-ын хооронд байгуулсан 1958, 1976 оны хилийн гэрээнүүдээр шинэчлэн тодотгож тогтоосон бөгөөд хилийн шугамыг бодит газар дээр нь тогтоон тэмдэглэх ажлыг БНМАУ, ЗСБНХУ-ын хоорондхи монгол-зөвлөлтийн улсын хилийн тухай 1958 оны Гэрээ ба 1959-1960 онд хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн баримт бичгийн дагуу 1977-1979 онд явагдаж, улсын хилийн анх удаагийн хамтарсан шалгалтыг 1987-1996 онд хийж дуусгасан байна.
Ийнхүү Монгол улсын хил олон зуун жилийн туршид өөрчлөгдөн хувирсаар ХХ зууны дунд үеэс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаар, газар нутагтай болсон билээ.