2014 оны 4 дүгээр сарын 5-наас 25-нд нийт 194 хүн хачигт хазуулсаны улмаас Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хандаж, эмчийн үзлэг, шинжилгээ, зөвлөгөөнд хамрагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 170 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Хачигт хазуулсаны улмаас 44.8%(87) нь хачиг хазсан газарт шархлах, 45.8%(89) нь хэсэг газрын тунгалгийн булчирхай томорч, эмзэглэх, 9.4%(18)-д нь халуурах, биеэр гөвдрүүт тууралт гарах, хачиг хазсан хэсэгт үрэвсэх, хавдах зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байна.
Өнгөрөгч өвөл өнтэй байснаас хачигт риккетсиоз өвчний дамжуулагч хачиг болох Dermacentor nuttalli хачгийн тоошил төдийлөн буураагүй бөгөөд намжмал байдлаас эрт гарч өлсгөлөн хачиг хүмүүсийг хазах нь элбэгшиж байна.
ХАЧГААР ДАМЖДАГ ХАЛДВАРТ ӨВЧИН
Дэлхий дахинд хачгаар дамжин халдварладаг нян, вирүс, эгэл биетэн, риккетсиэр үүсгэгддэг 28 төрлийн өвчин бүртгэгддэг. Манай улсад хачигт энцефалит өвчин бүртгэгддэг байсан бол 2003 оноос хачигт боррелиоз, 2005 оноос хачигт риккетсиоз өвчнүүд шинээр оношлогдож, халдварт өвчний бүртгэл, мэдээлэлд оруулсан.
Халдвар дамжуулагч, тээгч: Дамжуулагч хачиг нь ойн хулгана, үхэр, хонь, ямаа, чоно, үнэг, буга, бор гөрөөс, зурам зэрэг 250 гаруй зүйлийн том, жижиг хөхтөн амьтад, 100 гаруй төрлийн шувуунд шимэгчилдэг. Хачгийн шүлсний булчирхай, үржлийн эрхтэнд вирус үржиж зэрлэг амьтдаар дамжин байгальд тархан голомт үүсгэдэг, зэрлэг амьтад, мал ихэвчлэн тодорхой шинж тэмдэггүй далд хэлбэрээр өвчилдөг.
Хачигт энцефалит, боррелиозын дамжуулагч Ixodes persulcatusхачиг
Халдвар дамжих зам: Халдвар хүнээс хүнд дамжихгүй, харин эхээс урагт халдвар дамжих эрсдэлтэй. Вирусээр халдварлагдсан хачиг хүн, амьтадын цус сорох үед вирусыг цусанд дамжуулах мөн хоол боловсруулах замаар(халдвар авсан ямаа, үхрийн түүхий сүү, мах) халдварлана.
Өртөмхий бие: бүх насныхан уг халдварт өртөх эрсдэлтэй
Нууц үеийн хугацаа: 7-14 хоног
Улиралчлал: Нийт өвчлөлийн 51,9 % нь 6-8 дугаар сард бүртгэгддэг.
Хачигт халдвараас сэргийлэх талаар ард иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг :
- Онцын шаардлагагүй бол хачгийн идэвхижлийн үед хөдөө, орон нутагт зорчихгүй байх
- Орон гэр, ажлын байр, сувилал, зуслангийн газар, зам харгуйн ойр орчмын ой мод, цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгхэн газрын голомтот бүсийн өвс, ургамал дээрх өлсгөлөн хачигт устгал хийх
- Албан ёсоор зөвшөөрөгдсөн шавж, хачиг дайжуулагч бодисын шошгон дээрх зааврын дагуу гадуур хувцас, даавуун гадаргыг шүрших (дайжуулагч бодис хэрэглэхэд хувцсан дээрх хачиг 3-5 минутын дараа хазах чадвараа алдаж хувцаснаас унадаг)
- Хачгийн идэвхижлийн үед өдөр тутамд биедээ хачиг орсон эсэхийг шалгах
- Хөдөө болон ойд явахдаа тод өнгийн урт ханцуйтай цамц, куртка, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсч, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгыг гутлын түрүүний дотуур хийх, ойгоос гарсны дараа өөрийн болон бусдын хувцсанд наалдсан хачгийг шалгах, ойд өмссөн хувцсаа бүрэн солих
- Малын үс ноос, ноослох, ямаа самнах, мал хяргах, ноос ноолууртай ажиллах үед бэлчээрийн хачигт хазуулахаас сэргийлэх, бага насны хүүхдийг хачигт хазуулсан эсэхийг тогтмол шалгаж байх, малын түүхий эдийг орон гэртээ хадгалахгүй байх, малын түүхий сүү, мал, амьтны цус уухгүй байх, махыг сайтар болгож хэрэглэх
- Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиг дээр 76% спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар 45 градусын налуу өнцгөөр зөөлөн татаж авна. Хачиг хазсан хэсэгт 1%-ийн повидон иодын уусмал (тамедины уусмал) хөвөнд шингээж ариутган цэвэр боолт хийх
- Хачигт халдваруудын үед илэрдэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах
- Хачигт хазуулсан хүнд сэргийлэх зорилгоор иодантипиринийг 0,3 гр-аар өдөрт 3 удаа 2 өдөр, 0,2 грамаар өдөрт 3 удаа 2 өдөр, 0,1 грамаар өдөрт 3 удаа 5 өдөр хоолны дараа нийт 45 шахмалыг уулгах
- Хүн амын дунд хачигт халдвараас сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР