Монгол улсад зохион байгуулагдаж буй анхны багийн дэлхий аварга шалгаруулах тэмцээн болох сагсан бөмбөгийн “FIBA 3×3 U18 World Cup 2019” тэмцээн амжилттай үргэлжилсээр байна.
Өчигдөр Монгол улсын 18 хүртэлх насны хөвгүүдийн шигшээ баг сагсан бөмбөг өндөр хөгжсөн Европ тивийн хоёр багтай тоглож, тэмцээнээ тун амжилттай эхлүүллээ. Тэд хэсгийн эхний тоглолтоо Латвийн шигшээ багтай хийж 20:16-ийн харьцаатай хожсон бол хоёр дахь тоглолтоо Беларусийн багтай хийж цаг дуусахаас өмнө 21:15-ийн харьцаатай хожлоо.
Ийнхүү тэмцээнээ амжилттай эхлүүлсэн Монгол улсын 18 хүртэлх насны хөвгүүдийн багт А.Батхуяг, Л.Авирмэд, Ө.Пэрэнлэйжамц, Ш.Энхийн-Од нар тоглож байгаа билээ.
Монголын багт багтсан Пэрэнлэйжамц нь Дархан аварга Г.Өсөхбаярын, Энхийн-Од нь Монгол улсын Гавьяат тамирчин Шаравжамцын хүү билээ.