Үндэсний их баяр наадам дөхсөн энэ өдрүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас олон нийтэд мэдээлэл хийлээ. Өнгөрсөн жилүүдэд наадмын талбайд иргэд зөвшөөрөлгүй, гар дээрээс хуушуур худалдах зөрчил багагүй илэрчээ. Иргэдийн хувьд хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмагаас болоод зөвшөөрөлгүйгээр шаардлага хангахгүй нөхцөлд хуушуур хийж, зарах явдал гаргадаг. Тиймээс наадмын өмнөх энэ өдрүүдэд талбайд зөвшөөрөлгүйгээр хуушуурны худалдаа хийхгүй байхыг онцлон санууллаа.
Энэ жилийн хувьд наадмын талбайд худалдаа үйлчилгээ эрхлэх 1000 орчим зөвшөөрлийг олгохоор болсон. Үүний 280 нь Хүй долоон худаг, 600 гаруй нь Төв цэнгэлдэх хүрээлэнд юм байна. Нийт зөвшөөрлийн 70 хувь нь нийтийн хоолны үйлчилгээ эзэлж байна. Энэ жил үйлчилгээ эрхлэгчдэд газ хэрэглэхийг зөвшөөрчээ. Гэхдээ мэргэжлийн байгууллагаар холболтоо хийлгэж шалгуулсан байх шаардлагыг тавьж байгаа юм.
Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын 404 албан хаагчид ажиллахаар болжээ. Иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй байдаг таван цэгт үүрэг гүйцэтгэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнд 71 хүн, Хүй долоон худагт 78 хүн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 11, Үндэсний соёл амралтын хүрээлэнд 12, Чингисийн талбайд 16 албан хаагч ажиллахаар болжээ.
Албаныхны зүгээс баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж иргэдэд дараах сануулгыг хүргэж байна.
- Зориулалтын тоног төхөөрөмж бүрдүүлж, мэргэжлийн тогооч, бэлтгэгч ажиллуулах.
- Ажилчид ажлын хувцсаар бүрэн хангагдаж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх.
- Баталгаатай хүнс хэрэглэх.
- Хуушуурын мах гарал үүслийн гэрчилгээтэй, шинжилгээнд хамрагдсан түүхий эд хэрэглэх.
- Хоол хүнсийг зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт явж зарахгүй.
- Хүнсэнд 2, 4 тэмдэглэгээтэй нэг удаагийн сав, халбага хэрэглэх.
- Айраг, ундны усыг 1, 5 тэмдэглэгээтэй саванд хадгална.
- Хатуу, шингэн хог хаягдлыг зориулалтын хогийн цэгт хаях.
Иргэд зөвшөөрөлгүй газарт хуушуур, шорлог, хүнсний үйлчилгээ эрхэлбэл мэргэжлийн хяналтын байцаагчид газар дээр нь хурааж устгалд оруулна гэдгийг санууллаа.
Эх сурвалж www.wikimon.mn