МҮБХ-ны ээлжит бус “Их Эе” хуралдаан 2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг албан ёсоор сонгож, холбооны тамга тэмдэгээ гардуулсан билээ. ОӨУБЕГ-аас ч тэдний хүсэлтийг хүлээн авч холбооны тэргүүнээр Л.Чинбатыг сонгогдсоныг баталгаажуулан тамга тэмдэг, эзэмших эрхийг нь олгосон байдаг.
Гэвч уг хуралдааныг хэсэг бөхчүүд болон үндэсний бөхөд зүтгэгчид хууль бус хэмээн үзэж, дахин хуралдаан зарлаж тэргүүнээр нь УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийг сонгосон билээ. Үүгээр үндэсний бөхийн холбооны дотоод асуудал эхэлж, даамжирсаар шүүхий хаалга татахдаа тулсан юм.
МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг сонгосон нь буруу хэмээн үзэж Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм. Тэгвэл түүний нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүх өнгөрөгч тавдугаар сарын 10-ны өдөр хэлэлцэж, шийдвэрээ гаргажээ. Уг хэргийг шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхээс хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “Нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзжээ.
Энэхүү шүүхийн шийдвэр гарсанаар МҮБХ-г улсын бүртгэлд бүртгүүлсэн хүн болох Л.Чинбат удирдахаар болж байгаа юм.