Салбараа доромжилсон Ерөнхийлөгч маань салбарынхаа нэрийн өмнөөс олон ч хурал чуулганд оролцож, халуунд халж яваад ирлээ, … ирсэн байх. Гэвч энэ хугацаанд “түүний бие яаж байгаа бол?” хэмээн салбарын бид чинь ихэд санаа зовинож байлаа шүү дээ.
Учир нь ердөө 20 хоногийн өмнө салбарын Ерөнхийлөгч маань эмнэлгийн орон дээр “Арван хурууныхаа өндөг, хоёр хөлнөөсөө хар хүрэн цус хануулаад …” харвалтын байдалтай /өөрийн тайлбар/ хэвтэж байсан юм. Гэтэл өөрийн биеийн байдлыг ч үл хайхран, салбарын бидний төлөө халуун орныг зорьжээ. Нэг л үнэмшилгүй…
Уг нь бол олон нийтийн сүлжээнд тэрбээр “Европ руу эмчлүүлэхээр явлаа” гэж бичсэн мөртлөө маргааш нь Станбулын нисэх буудлаас “Африк явлаа…” хэмээн зургаа оруулж биднээрээ тохуурхсан юм. “Худалдагдсан” хөөрхий биднийгээ Европ, Африк хоёрыг ялгадаггүй хэмээн бассан нь тэр болов уу?
Хоолой нь сааралтаж, нулимс дуслуулан байж “сэтгүүлчдийн эвлэлээ авраач” гэж хэлж суухдаа тэр үнэхээр өвчтэй, үнэмшилтэй харагдаж чадсан. Харин хилийн цаана түүн шиг эрүүл, түүн шиг цовоо хүн алга. Тэгээд ч АЛБАН ТУШААЛААСАА ТҮДГЭЛЗСЭН /албан тушаалаасаа түдгэлзэж байгаагаа мэдэгдсэн/ хүн тухайн салбарыг төлөөлөн хурал чуулганд оролцож, асуудал шийдэж, сонгуульт албан тушаалд томилогдоод явж болох уу? Хэрвээ түүний хүсэлтийг МСНЭ-ийн Удирдах зөвлөл хүлээн авч албан тушаалаас нь түдгэлзүүлбэл яах вэ? Олон хоног халуунд халж, харвалтын өмнөх үеийн байдалтай хүндхэн явахдаа байгуулсан гэрээ, хэлэлцээр нь хүчингүй болно гэсэн үг үү.
Нэг л худлаа санагдаад байгаа биз…
Эсвэл харвалтын өмнөх байдал гэдэг нь гадаадын орноор зугаалахыг хэлээд байна уу. Асуудлаас зугтаж, гадаадад амарч зугаалж, эрүүл мэндээ бодож болно л доо. Энэ бол хүний эрх. Гэвч салбараа гоочилж, доромжлон хагаралдуулж орхичихоод өөрөө зугаалаад ирсэн гэвэл үнэхээр зохимжгүй. Мөн түдгэлзсэн атлаа салбарын тэргүүний нэр хүндээр хурал чуулганд оролцсон гэвэл бүр ч утгагүй. Тэгэхээр Х.Мандахбаярт шийдэх асуудал бишгүй олон байна даа. Юутай ч харвах гэж байсан хүн амь насаа ч үл хайхран халуун орныг зорьсон шалтгаанаа тайлбарлана биз дээ.
Жич: Биеийн дулааны хэм 104-өөс /40с/ дээшлэх үед амь насанд аюултай онцгой нөхцөл буюу тархины харвалт үүсэх магадлалтай. Өөрөөр хэлбэл хэт халуун нь харвалт үүсэх нөхцлийг бүрдүүлдэг гэж эрүүл мэндийн байгууллагаас тайлбарлаж байна.
Гэтэл сэтгүүл зүйн салбарын ТҮДГЭЛЗСЭН ерөнхийлөгч харвалтын өмнөх байдлаа эмчлүүлэхийн тулд халуун орныг зорьжээ гэдэг нь л үнэмшилгүй байгаа биз … Эсвэл энэ хүн мэргэжлийн ХУДАЛЧ хүн юм байна.
Нэг зүйлийг хэлье “Эрхэм түдгэлзсэн Ерөнхийлөгчөө”…
Монголын сэтгүүлч бид, Эрхэм танд “ХУДАЛДАГДСАН” хэмээн доромжлуулах дээрээ тулсан ч Европ болоод Африкийн газарзүйн байрлалыг ялгана. Түүнээс гадна харвах гэж буй хүн халуун орон руу нисдэггүй юм гэдгийг ч бас ялгахтайгаа байгаа билээ. Түүнчлэн өөрийн өдүүлсэн бохир маргааныхаа төгсгөлд үнэнд гүйцэгдэж ялагдаад ирэхээрээ харвах гэж буй дүр үзүүлэн уйлж, олон нийтэд өрөвдүүлсний дараа цоо эрүүл гишгэлтээр Станбулд болоод өөр газар алхалж яваа чинь зарим нэг хүний дуранд буусан юм билээ шүү… Та минь биеэ бодоорой…