Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх олон улсын “Эко-Соёлын аян”-ыг ирэх долдугаар сарын 5-18-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Орхон, Хөвсгөл аймгийн Мөрөн, Хатгалд сумдад зохион байгуулна. Энэхүү аяны хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа найман орны зураач, дуучин, хөгжимчин, байгаль хамгаалагч идэвхтэн, хуульч зэрэг 50 хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол Улсын Хөвсгөл далайн төлөө хуран цугларах аж.
Дээрх аяныг зохион байгуулж буй гол зорилго нь Хөвсгөл нуурыг хүрээлэн буй орчны хог хаягдал, ариун цэврийн байгууламжаас шалтгаалсан орчны бохирдол, загас агнуур, худалдааны загасчлал, усан завь, моторт дугуй ихэссэнээс үүдсэн зорчигчдын аюулгүй байдал болон цэнгэг усанд нөлөөлж буй аюул эрсдэл зэрэг олон асуудлыг олон нийт, шийдвэр гаргагчдын анхааралд хүргэх юм. Мөн эрдэм шинжилгээний бага хурал, урлаг соёлын концерт, шоу тоглолт, уран зургийн дуудлага худалдаа, гудамжны дүрслэх урлагийн бүтээл урлах, Хөвсгөл далайг ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд бүртгүүлэхийг дэмжсэн гарын үсэг цуглуулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.