Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь “Алтай” нисэх буудлын аэродром нь шөнийн гэрэл суултын системээ бүрэн ашиглалтад оруулж навигацийн тоног төхөөрөмж болох DVOR/DME-г ашиглан суултын схемтэй болсноор “В” “С” ангиллын агаарын хөлгийг цаг агаарын хүнд нөхцөлд болон шөнийн цагаар хүлээн авах бүрэн боломжтой боллоо.
Ингэснээр 2019 оны зургаадугаар сарын 26-ны үдэш “Аэро Монголиа” ХХК-ийн “Embraer145” агаарын хөлгийг хүлээн авч, 20-иод жил Алтай нутгийн ард түмний хүсэн хүлээсэн шөнийн нислэг үйлдэгдлээ.
Говь-Алтай аймаг нь газар нутгийн байршлын хувьд далайн түвшнээс дээш өндөрлөг газарт байдаг онцлогоос шалтгаалан, ялангуяа зуны улиралд өдрийн цагаар нислэг үйлдэхэд суудлын хязгаарлалт тогтоох шаардлага тулгардаг. Харин шөнийн цагаар нислэг үйлддэг болсноор зорчигчдын тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.