Монгол улсын ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом тэргүүтэй төлөөлөгчид Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Непал улсын нийслэл Катманду хотноо зохион байгуулагдаж буй DGCA-56 хурлын салбар хуралдаанууд болон хоёр талт уулзалтуудад оролцож байна.
Тэд агаарын тээврийн салбарын “Хүний нөөц”, “Бээжингийн тунхаглал” сэдэвт салбар хуралдаануудад оролцлоо.
“Хүний нөөц” салбар хуралдаанаар ирэх жилүүдийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээ, тулгамдаж буй асуудлаар санал солилцсон бол “Бээжингийн тунхаглал” сэдэвт хуралдаан дээр улс орнуудын иргэний нисэхийн байгууллагын асуудал хариуцсан сайд нарын ээлжит хуралдааныг 2020 онд товлох асуудлыг хэлэлцэж саналаа нэгтгэлээ.
Монголын төлөөлөгчид БНСУ-ын төлөөлөгчидтэй хоёр талт уулзалт хийсэн байна. Энэхүү уулзалтаар Солонгосын тал Удирдах түвшний, Мастерийн зэрэг олгох 2 жилийн сургалт болон нисэхийн аюулгүй байдлын чиглэлийн зөвлөх үйлчилгээний хөтөлбөрт хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.
Мөн Ардчилсан Бүгд Найрамдах Лаос Улсын төлөөлөгчидтэй уулзалт хийж Агаарын харилцааны гэрээний төслийг солилцсон байна. Улмаар энэ ондоо багтаан хоёр улс агаарын харилцааны гэрээг үзэглэх асуудлыг ярилцсан юм.
Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын Техникийн хамтын ажиллагааны товчоо /COSCAP-NA/-ны шинэ дарга ноён Хор Хэ Варгастай уулзалт хийсэн. Энэхүү уулзалтаар техникийн хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, сургалтууд зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар дуулгаж, санал солилцжээ.