“Иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжхуулах гэр хорооллын хөгжил” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн тавдугаар хорооны нутаг, арьс ширний үйлдвэрийн гэгдэх 80 айлын 10, 12 дугаар байранд амьдарч байсан айл өрхүүдэд шинэ орон сууцны түлхүүр гардууллаа. Түлхүүр гардуулан өгөх ёслолд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат нарын албаны хүмүүс, иргэд оршин суугчдын төлөөлөл оролцов.
Арьс ширний хэмээх 80 айлын дөрвөн блок байрыг 2015 онд нийслэлийн Онцгой байдлын газар, 2017 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй, галын аюулгүй байдлын стандарт, норм, дүрмийн шаардлагад нийцэхгүй болох нь тогтоогдсон байдаг.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн, барилгажуулах тухай” А/465 дугаар захирамжийн дагуу эхний ээлжинд 20 айлын байрыг буулган, газар дээр нь 40 айлын орон сууц барьсан билээ. Тус 40 айлын шинэ орон сууцанд 10, 12 дугаар байрны 40 айлыг үнэ төлбөргүйгээр оруулж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Арьс ширний дөрвөн байрны 80 айлын асуудлыг шийдэх үүднээс 10 дугаар байрыг дахин төлөвлөлтөд хамруулан 12, 10 дугаар байрны нийт 40 айлыг өнөөдөр орон сууцанд оруулж байна. Цаашдаа үлдсэн гурван байрыг дахин төлөвлөлтөд хамруулж, иргэдийг тав тухтай орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлнэ. Агаар, орчны бохирдлыг бууруулахад маш их ахиц болсон ажил” гээд орон сууцны түлхүүрээ гардан авсан айл өрхүүдэд аз жаргал хүсэв.
Уг орон сууцны барилгын ажлыг нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Нью биг фиш констракшин” ХХК гүйцэтгэжээ.