-НААДМЫН ТУРШЛАГА, СУРГАМЖ-
Дэлхийд хосгүй \”Монгол наадам\” маань дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Миний хувьд жил бүрийн наадмын алдаа оноонд дүгнэлт хийж, гаргасан алдаагаа засаад дараа жилийн наадмыг улам боловсронгуй болгон хөгжүүлж явах ёстой гэж боддог. Харамсалтай нь өнгөрсөн жилүүдэд гарсан дутагдалууд засагдалгүй яваад байдаг хандлага байнга ажиглагдах юм. Ингээд энэ жилийн наадмын хар, цагааны тухай өөрийн бодлоо бичье.
ОЛОЛТТОЙ ТАЛ:
– Наадмын нээлтийг Н.Наранбаатар найруулагч мундаг найрууллаа.
– Хотын нийтийн тээврийг иргэдэд аль болох ойртуулсан байдлаар сайн зохион байгуулжээ.
– Наадамд маш их хөрөнгө, мөнгө заржээ. Манай наадмыг үзсэн гадаадын жуулчид хамгийн бага зардлаар хамгийн гоё үзвэр үзэж, хүчтэй аппаратаар баахан зураг дараад буцаж байх шиг байна. Хойшид гадаадын жуулчдаас алхам тутамд нь мөнгө хураах олон янзын арга бодож олох хэрэгтэй. Тухайлбал: Зураг авахад хамгийн тохиромжтой байрлал, өндөрлөг газрыг хашаагаар хашаад мөнгө хурааж авах гэх мэтчлэн. (Энэ бол үндэсрхэг үзэл биш шүү, гадаадын аль ч хотод юм үзээд явахад алхам тутамдаа мөнгө төлдөг нь хэвийн үзэгдэл шүү.)
ДУТАГДАЛТАЙ ТАЛ:
– Монгол бөх үнэхээр уналтад орчихсон, эрс шинэчлэл шаардлагатай байгаа нь тод харагдлаа. Тавын даваад худлаа унаж начин төрүүлж байгаа бөхчүүд ам барьж буй дуучинтай яг адилхан харагдаж байв. Бас мөнгөө төлөөд үзэж байгаа наадамчин олны хүндлэж байгаа юм огт байхгүй, даваа өгсөх бүрд барилдаж байгаа хоёр бөхийн эргэн тойронд хэн нь мэдэгдэхгүй олон юмнууд шаваад юу ч харагдахгүй юм. Ер нь стадионы үзэгчдийн суудал доор бөхчүүдэд зориулсан хувцас солих өрөө гаргаж өгөөд стадионы ногоон зүлэг руу засуулаас нь өөр хэний ч оруулдаггүй болох хэрэгтэй. Ингэж мөнгөө төлөөд бөхөө үзэж байгаа хүмүүсээ бодохгүй бол зарим \”хорчин\”-гууд нөгөө \”найраа\”, дарамт шахалт, дов жалганы үзэл, ятгалт, хатгалтаа чөлөөтэй хийгээд түмний нүдэн дээр ард олныг доромжлоод яваад байх юм.
– Бөх, хурдан морь, нум сум, шагайн харвааны шагналыг мэргэжлийн холбоод нь шүүгээд шагналаа өгчихөж яагаад болдоггүй юм бол доо. Төр энэ бүхнээс ангид байвал зүгээр юм шиг санагддаг хэдий ч харамсалтай нь одоо болтол үүнийг өөрчилж чадахгүй яваад байх юм.
– Хурдан морьд дагаж яваа автомашинуудыг тоог 5 нэгж дотор багтааж багасгахгүй бол арай хэтэрсэн асуудал болжээ. Морины комиссын 1 нэгж, эмнэлгийн 2 нэгж, ТВ-ийн 2 нэгж нийт 5 нэгж машин байхад хангалттай гэж бодож байна. Олон жил угжирч байгаа иймэрхүү асуудлыг манай төр засаг барьж буй эрх баригчид зоригтой шийдэж чадах болов уу.
Р.Энхболд