Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны зургадугаар сарын 13-ны өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” 192 дугаар тушаалын дагуу “Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлт өнөөдөр эхэллээ. Үүнтэй холбогдуулан мөн өнөөдрөөс /2019.07.15/ эхлэн уг авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, тээвэрлэлтийг түр замаар хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн байна.
Улаанбаатар хотоос Дархан хот хүртэлх авто замыг 15 цэгт хэсэгчлэн хаах бөгөөд түр хаагдсан хэсгээс бусад хэсэгт өмнө нь ашиглаж байсан үндсэн замаар зорчих юм. Энэхүү авто замын засвар, шинэчлэлтийн ажил 22-ын товчооны замаас Дархан чиглэлд салдаг уулзвар Улаанбаатар хот доторх буюу Баруун зүгт иргэд зорчихдоо 5-н шар Толгойт – Орбит – Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.
“Булган, Хөвсгөл, Орхон” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ. Иймд иргэд та бүхэн дээрх чиглэлүүдэд зорчихдоо батлагдсан замналын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган тээвэрлэлт хийхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.