С.Зориг агсны хэрэгт холбогдсон иргэдийг эрүүдэн шүүж хүчээр хэргийг хүлээлгэсэн хэмээн үзэж ТЕГ-ын дарга асан Б.Хурц болон найман хүнд холбогдох хэргийг өнгөрөгч зургаадугаар сарын 25-ны өдөр харьяаллын дагуу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр /2019.07.23/ уг Шүүх хуралдаан эхэлсэн хэдий ч үдээс хойш 14.00 цаг хүртэл хугацаагаар хойшиллоо. Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгч Ц.Амгаланбаатарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасаныг шүүгч хүлээн авснаар ийнхүү түр хугацаагаар хойшиллоо.
Энэхүү шүүх хуралдаанд ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм. Тэднийг уг хэргийг хамтран гүйцэтгэсэн, хамжигчаар оролцсон, мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулсан, хуулийг буруу ашигласан зэрэг хэрэгт холбогдуулан шүүж байгаа юм.
Харин уг хэргийн гэрчээр талийгаач С.Зоригийн эхнэр Б.Булган оролцохоор иржээ.