Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд гурван бүсчлэлд хуваахаар төлөвлөж буй талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас өнөөдөр мэдээлэл өглөө.
Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд өдөрт 420 мянга орчим автомашин оролцож байна. Сар бүр импортоор 5,000-8,000 автомашин бүртгэгддэг. Иймд нийслэлийн автозамын ачаалал өндөр байгаа тул ойрын жилүүдэд хотын зарим хэсэгт “0” зогсолт хийх магадлалтай болоод байна.
Иймд дорвитой арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал хүнд байна. Хэдийгээр дугаарын хязгаарлалт, нийтийн тээвэрт зориулан нэг эгнээг чөлөөлөх гэх зэрэг арга хэмжээг авсан хэдий ч түгжрэлийг бууруулахад үр дүнгээ өгч чадахгүйд хүрээд байна. Цаашид хотын төвлөрлийг бууруулах зорилгоор төр захиргааны байгууллага, их, дээд сургуулийг хотын төвөөс нүүлгэх нь урт хугацааны асуудал. Харин бид тэр хүртэл богино болон дунд хугацааны төлөвлөлтийн ажлыг хийхээр боллоо.
Тухайлбал, нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваасан.
А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл талбай.
Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.
С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсэг юм.
А бүс рүү хөдөлгөөнийг 50 хүртэл хувиар бууруулахын тулд тэгш, сондгойгоор явах санал одоогоор яригдаж байна. Тодорхой хугацаанд байж болох хувилбар гэж үзэж байгаа. Харин Б бүсэд дугаарын хязгаарлалт үргэлжилнэ.
Бүсчлэл дотор бүсчлэлийн тэмдгүүд байрлах бөгөөд стандартад орсон тул Бүсчлэлийн тэмдэг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.
Бүсчлэлийн хязгаар зөвхөн ажлын цагаар мөрдөгдөнө. Тиймээс бүсчлэл дотор амьдарч байгаа хүмүүст ямар нэгэн хүндрэл гарахгүй” хэмээн тайлбарлалаа.
Автомашины зогсоолын асуудлаас гадна А, Б бүс рүү дараах шаардлага хангасан автомашиныг нэвтрүүлнэ.
1. Татвараа төлсөн
2. Торгуульгүй
3. Техникийн улсын үзлэгт тэнцсэн байх шаардлага тавих аж.