Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Орос-Америкийн хооронд байгуулсан Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах тухай гэрээнээс АНУ наймдугаар сарын 2-ны баасан гарагт гарах болсныг албан ёсоор мэдэгдэлээ.
Тэрбээр энэ тухай Вашингтон хотноо болсон “Залуу Америк” консерватив сангийн оюутнуудын бага хурлын үеэр мэдэгдсэн бөгөөд “АНУ гэрээнээс албан ёсоор гарснаар Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээ албан ёсоор хүчингүй болно” гэжээ.
Мөн тэрбээр Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах, хязгаарлах Орос-Америкийн гэрээний /албан бус нэр нь СНВ-3/ талаар ярихдаа, “2010 онд баталсан СНВ-3 бол анхнаасаа хангалтгүй байгуулагдсан гэрээ. Учир нь уг гэрээнд ойрын тусгалтай тактикийн цөмийн зэвсэг болон Оросын шинэ системийг хамруулаагүй. Энэ гэрээний хугацаа 2021 оны хоёрдугаар сард дуусна. Энэ талаар одоогоор шийдвэр гаргаагүй. Гэхдээ сунгахгүй байх” гэсэн юм.
АНУ-ын эрх баригчид гэрээнээс татгалзах цаг нь ирсэн гэж үзэж байгаа бөгөөд зэвсэглэлд хяналт тавих асуудлаар ОХУ болон БНХАУ-тай тохиролцох хүсэлтэй байна гэж тэрбээр мөн онцлон тэмдэглэжээ.