Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аллагын захиалагч гэгддэг, үүгээрээ
монголчуудад хэдийнэ танил болсон Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакийн
санхүүгийн гэмт хэргүүд илэрч эхэллээ. Малайзын сөрөг хүчнийхэн түүнийг
санхүүгийн олон төрлийн гэмт хэрэгт буруутгаж, тэр ч байтугай онц хэрцгийгээр
алагдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэрэгт хүртэл холбоотой хэмээн үзэж
байв.
АСЕМ-ын уулзалтаар Монгол Улсад ирэх ёстой байсан ч ирээгүй Малайзын
Ерөнхий сайд Нажиб Разакийг Засгийн газрын нөөц хөрөнгө, тэтгэврийн сангаас
олон тэрбум ам.доллар хууль бусаар гарган Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн
хэмээн буруутгаж байсан. Тэгвэл энэхүү мэдэгдлийн дараахан Завхан аймагт
малайзчууд томоохон алтны орд газар 30 жилийн хугацаатай эзэмшихээр болсон
тухай мэдээлэл гарч байв. Ямартай ч, улс, тив дамнасан түүний санхүүгийн гэмт
хэргүүдийг АНУ-ын хууль хяналтынхан шалгаж эхэлсэн бөгөөд Нажиб Разакийг мөнгө
угаасан хэрэгт буруутгалаа.
Авлига авсан, мөнгө угаасан, Батлан хамгаалахын
сайд байхдаа Францаас шумбагч хөлөг онгоц худалдан авах гэрээ байгуулж, уг
гэрээнд орчуулагчаар ажиллаад амь үрэгдсэн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн
хэргийн улмаас Малайзын сөрөг хүчнийхэн, Францын хараат бус сэтгүүлч, хуульчдад
шалгагдсан ч тэр бүрийг даваад гарсан Нажиб Разак АНУ-ын зүгээс хийж буй шалгалтад
унаад эхэлсэн тухай дэлхийн томоохон агентлаг, мэдээллийн хэрэгслүүд мэдээлж
байна.
Тодруулбал, Малайзын Ерөнхий сайдын хувийн данс уруу 2013 онд Саудын Арабын хааны гэр бүлээс мөнгө шилжүүлсэн, Ерөнхий сайдын төрийн өмчийн
\”1MDB” хэмээх хөрөнгө оруулалтын компанийнхаа тусламжтай
мөнгө угаасан, энэ компанийнхаа тусламжтай өөртөө ашигтай олон зуун гэрээг байгуулан, их
хэмжээний мөнгийг хувьдаа завшсан зэрэг хэргүүд илэрчээ.
Мөн Нажиб Разак болон түүний гэр бүлийнхний нэр
дээрх компаниудтай холбоотой 135 хуудас бүхий нотлох
баримтыг Лос Анжелесийн шүүхэд өгсөн байна. Тиймээс тун удахгүй түүнтэй холбоотой
санхүүгийн улс, тив дамнасан санхүүгийн гэмт хэргүүд илэрч эхлэх нь байна. Тэр
дунд Монголын талтай байгуулсан гэрээ, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд харин
байгаа болов уу.
Төгс