Хөдөөгийн зам дахь “зэрлэг” хурдыг хязгаарлах нэгэн сонин аргыг аймгууд хэрэгжүүлж эхлээд байна. Өмнө нь “хурд…үхэл” гэсэн сэтгэл цочим үгс замын хажууд тавиад ч тусыг эс олоод байсан юм.
Ингээд аргаа барахдаа мануухай цагдаа босгосон бололтой. Төв, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгуудын нутгаар зам дагуу цагдаагийн дохиололтой машин байж, алаг модоо өргөсөн цагдаа зогсож байгаа мэт харагдана. Цөс нь хөөрсөн хурдлагч өөрийн эрхгүй хурдаа хасч, тэр ч бүү хэл зогсох юм. Гэтэл нөгөөх нь мануухай. Машин нь жинхэнэ машины кузов. Бөөрөн дээрээ цагдаагийн логотой, дээр нь дохиолол анивчна. Дохиолол нь нарны энеригээр тэжээгддэг аж. Шөнө бүр ч сүртэй. Өөрийн эрхгүй зогсоод ганцаараа үхтлээ инээв. Айхгүй ч гэсэн аягүй гэдэг энэ ажгуу. Монголчууд боохойноос малаа хамгаалж мануухай босгодог байсан бол өдгөө салхи татуулан давхигчийн хурдыг хязгаарлах үүднээс мануухай босгох болжээ. Хүн чоно хоёрын дүр өөр боловч, мануухайгаас айх сэтгэл агаар нэгэн болжихуй. Анхааруулахад мануухай өнгөрөөд жолооч та инээсээр хурдаа нэмэхэд жинхэнэ амьд цагдаа отоод зогсож байх юм.