Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д \”Насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй хүн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахдаа зөвхөн эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт явна” гэсэн заалтыг үндэслэн улсын хилээр нэвтрүүлнэ.
Насанд хүрээгүй хүн гэдгийг Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д \”Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүх 16-аас 18 хүртэлх насны иргэнийг, түүний хүсэлт, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцож болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүхээр эрх зүйн бүрэн чадамжтайд тооцогдсоноос бусад тохиолдолд 18 хүртэлх насны хүүхэд нь насанд хүрээгүй буюу эрх зүйн бүрэн чадамжгүй байна.
Насанд хүрээгүй хүн хилээр нэвтрэхдээ анхаарах зүйл:
- Насанд хүрээгүй хүн эхтэйгээ улсын хил нэвтрэх бол /эцгээрээ овоглосон тохиолдолд/ төрсний гэрчилгээний эх хувь
- Насанд хүрээгүй хүүхэд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хил нэвтрэх тохиолдолд авч яваа хүнд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс гаргасан, нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
- Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт хил нэвтрэх бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон сум, дүүргийн Засаг даргын захирамж
Дээрх бичиг баримтыг биедээ авч яваагүй тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй болно.
Асран хамгаалагч, харгалзан дэмжигч гэж хэн бэ?
Эд хөрөнгийн зохих бололцоотой төрөл, садан, садан бус хүн бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтооно.
ИХШХЕГ-ын Дорноговь аймаг дахь газар