Ж.Эрдэнэбатын \”Мэргэжлийн Засгийн
газар” хагас дутуу ч гэсэн байгуулагдлаа. Дан дээлтэй Засгийн газар байгуулна
гэсэн МАН-ын амлалт хэрэгжихээсээ нэгэнт өнгөрч байх шиг байна. Тиймээс энэ
тухай дахин яриад хэрэггүй биз. Өөрөөр хэлбэл 11 сайдын долоо нь давхар дээлтэй
буюу УИХ-ын гишүүнээс гадна сайдын албан тушаалыг давхар хашихаар болж байна.
Шинэ Засгийн газар 13 яам 16
сайдтай байхаар хуулийн төслөө өргөн барьсан. Одоогоор дөрвөн сайдын суудал
эзгүй байна. Мөн яг хэнийг энэ суудалд томилох вэ гэдэг нь тодорхойгүй байгаа
юм. Тодруулбал, Эрүүл мэнд, барилга, үйлдвэр, эрчим хүчний салбаруудыг хуучин
сайдууд нь удирдаж байна.
Харин энэ салбаруудыг удирдуулахаар
өргөн барьсан Ж.Цолмон, Ц.Цэнгэл, Г.Өнөрболор, Ц.Анандбазар нар нь сонирхлын
зөрчилтэй хэмээн АТГ-аас үзсэн учраас ийнхүү нэрийг нь татаад байгаа юм.
Сайд нарын нэрстэй холбоотой МАН-ын гишүүд
сэтгэгдлээ илэрхийлсээр байгаа. Тухайлбал, ард түмэнд өгсөн амлалтаа мартсан
хэмээн буруутгах гишүүд олон байна. УИХ-ын Ц.Даваасүрэн уг асуудлаар \”Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалтаасаа ухарсанд харамсаж байна.
Ард олны итгэл найдвар луу нулимлаа. Намыг дэмжигч, итгэсэн мянга мянган хүний
урмыг хугаллаа.
Ард түмнээ дэндүү басаж байна. Ингэж байж АН шангаа хүртсэн. Дараа дараагийн
сонгуулийг мөнгөөр шийднэ гэж бодож байгаа бол АН хувь заяаг давтана” гэж өөрийн
цахим хуудаснаа бичжээ.
Харин МАН-аас сайд болж магадгүй, ер нь
сайд байхад тохирох улс төрийн ранктай хэмээн үнэлэгддэг УИХ-ын гишүү Ж.Энхбаяр
\” …Олон хүн намайг Батлан хамгаалах яаманд яагаад очихгүй байна вэ гэж асууж
байна. Мөрийн хөтөлбөр дээр давхар дээлний талаар тусгагдсан байгаа. Тийм
болохоор давхар дээлтэй байхгүйн тулд сайд болоогүй юм” гэж бичжээ.
Тэгэхээр Ж.Эрдэнэбатын
намынхаа мөрийн хөтөлбөрийг зөрчиж, намын гишүүдтэйгээ зөвшилцөлгүйгээр сайд
нарынхаа нэрсийг өргөн барьсан нь тодорхой болоод байна. Гэхдээ Мэргэжлийн
Засгийн газар байгуулахад УИХ-ын гишүүн давхар албан тушаал хаших ёстой гэж
үзсэн байх.
Уг нь МАН бусад намуудыг
бодвол боловсон хүчин сайтай гэдэг. Гэвч албан тушаалыг давхардуулахаас
аргагүйд хүрсэн нь харамсалтай.
Тэгвэл хоосон байгаа
дөрвөн яамыг хэрхэн удирдлагатай болгох вэ гэдэг асуудал байна. МАН-д Эрүүл
мэндийн салбарыг удирдаад явах дан дээлтэй олон чадварлаг хүмүүс бий. Жишээлбэл
Н.Хүрэлбаатарыг дурьдаж болохоор. Сумын эмчээс салбарын сайд хүртлээ ажилласан
жинхэнэ мэргэшсэн хүн гэж түүнийг хэлж болно. Эрчим хүчний салбарыг удирдаад
явах хүн ч бий. Барилга, үйлдвэрийн салбарыг удирдаад явах ашиг сонирхлын
зөрчилгүй, мэдлэг, чадвартай залуус МАН-д олон харагддаг. Гэвч намын дарга,
удирдлагууд өрөө дарж байгаа мэт бизнесийн хүмүүсийг төрд шургуулахаар оролдож
байгаа нь ард түмнээ басамжилж буй хэрэг гэж МАН-ын гишүүд хэлсээр байна.
А.Аюуш
Үндэстэн агентлаг