Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц болон тус газрын мөрдөгч, гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын хэлтсийн дарга Ү.Отгонбаяр, тус Цагдан хорих ангийн төлөөлөгч Э.Өлзийбаяр, С.Эрдэнэбат, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ.
Дээрх албан тушаалтнуудыг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутгаж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүж байгаа юм.
Шүүгдэгч Б.Хурц нар өнгөрсөн долдугаар сард шүүгч нараас татгалзах хүсэлт гаргасан ч хүсэлтийг хүлээн авахаас татгалсан. Тус шүүх хурлын шүүгчийн бүрэлдэхүүнд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар багтаж байгаа аж.
Мөн УИХ-ын Түр хорооны гишүүд шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэрэгт гэрч, хохирогчоор тогтоогдоогүй, оролцоогүй этгээдүүдийг шүүх хуралдаанд оролцуулах нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь зүйлийг зөрчинө хэмээн үзэж татгалзсан билээ.
Шүүх хурал ийнхүү гурав дахь өдрөө үргэлжилж байна.