Их мэргэн күнз Хятадын зүүн хэсгийн уулархаг нутгийн нэгэн агуйд мэндэлсэн гэдэг. Нийтийн тооллын өмнөх 551-479 оны хооронд амьдарч явсан. Будда Шагжмуунаас таван насаар дүү, түүнийг жанч халахаас гурван жилийн өмнө нас барсан хүн гэж үзэх нь нийтлэг.
Уг нь эртний сурвалжит гэр бүлээс гаралтай бөгөөд Күнзийг төрөх үед 70 настай байсан эцэг Хэ овогт нь хошууны захирагч байжээ. Күнз гурван насандаа эцгээсээ, 17-тойдоо эхэсээ өнчирсөн байна. Ийнхүү 10 хүүхэдтэй айлыг үүрч явах болжээ. 19 насандаа эхнэр авсан гэж түүхэнд тэмдэглээстэй байдаг. Тэрээр өндөр нуруутай, тухайн цагийн нэгэн түшмэлийн бичсэнээр бол, луу мэт толгойтой, адуу шиг хүзүүтэй, хүдэр бадир хүн байв. Түүний жинхэнэ нэр нь Күн Цю боловч шүтэн бишрэгчид нь Күн Фүцзы буюу эрхэм багш Күн гэж нэрлэжээ. Күнзийн суртал бол маш нарийн бодож боловсруулсан ёс зүйн хууль юм. Күнз амьдралдаа дөрвөн зүйлээс түдгэлзэж явсан гэдэг. Эдгээр нь:
1. Тэр хэзээ ч хоосон мөрөөдөлд автаж суусангүй
2. Өөрийнхөө байр суурь дээр эрс шулуун зогсож,
3. зөрүүд гөжүүд зан гаргаж байсангүй.
4. Хэзээ ч хувиа хичээж байгаагүй аж.
Сударт өгүүлснээр бол Лао-цзытай уулзаж, зөвлөгөө авч байсан бололтой. Цаад өвгөн нь Күнзийг хүнтэй аятайхан ярьдаг, төлөв түвшнийх нь хувьд ихэд тоосон байна.
Күнз хэв журмыг ихэд чухалчилдаг байсан агаад хаалга нь үл мэдэг яайжийсан айлд ордоггүй байжээ. Сургаалаа амаар өгүүлдэг байсан тул ганц ч мөр бичээс үлдээгүй юм. Күнзийн сургаал гэж нэрлэгдсэн бүхэн угтаа шавь нарынх нь тэмдэглэл билээ. Күнз номлолыг нь сонсогчдоос багашаархан мөнгө авч амь зуудаг байснаа яваандаа цөөхөн чинээлэг шавийнхаа тэтгэлэгээр амьдрах болжээ. Тэд л түүнд сургуулийн байр бэлдэж өгсөн юм. Тэрээр 3000 шавьтайгаас гадна 72 нь шадарлан тун ч ойр байсан, 12 нь Күнзээс нэг ч алхам холдоогүй гэдэг.
66 нас хүртлээ орон даяар хэрэн бадарчилж, сургаалаа номлосон тэрээр энэ ажлаа 30 насандаа эхлсэн юм. Нийтийн тооллын өмнөх 479 онд үхэл ойртсоныг мэдрээд хэрэн бэдрэх ажлаа орхиж, өнгөрүүлсэн амьдралынхаа тухай эргэцүүлж суух болжээ. Күнзэд шавь орохыг нэг ч хаан хүсээгүй нь л түүнийг ихэд шаналгаж байв. Сүүлчийн үг нь:
-Намайг үхсэний дараа хэн миний сургаалыг үргэлжлүүлэн номлох болж байнаа? Гэсэн асуулт байсан гэнэ.
Нас нөгчихөөсөө өмнө сонгож авсан газар нь болох голын захын бяцхан төгөл дунд шавь нар нь түүнийг оршуулжээ. Өдгөө тэнд 20 гаруй га эзэлдэг Күнзийн бунхан, хийд бий. Хөшөөнөө нь: \”Хамгаас ариун гэгээн, зөнч мэргэн Күнзийн сүнс амирлангуйг олсон газар” хэмээх бичээс буй. Тэндхийн булгийн усыг ханзны соёлт орнуудад ариун дээд хэмээн шүтдэг бөгөөд мөнөөх булгаас уухыг энэ насны онцгой бэлгэ дэмбэрэл хэмээдэг ажээ.
Сонирхуулахад, Күнзийн сүмийн туургыг уг сүмд анхны монгол хүний дурсгал болох босоо бичгийн уран бичлэг чимж байдаг гэнэ билээ.
Күнзийн эшлэлээс…
-
-
- Хорвоо дээр би ямар ч мэдлэгтэй төрөөгүй.
- Мэдэхгүй тэр бүхнээ би гагцхүү үнэн мөний тус дэмээр таньж авсан.
- Ноён нуруутай эр хүний ёс суртахуун салхи мэт, дорд сурталтай хүний авир өвс мэт. Салхи хаанаас байна, тэр зүгт өвс хаашаа ч хамаагүй тонголзож байдаг.
- Ариун сурталт эр хүн ёс зүйг санаж явдаг, дорд хүн яавал сайхан амь зуухаа л боддог. Ариун сурталт эр хүн хууль зөрчихгүйг боддог, дорд хүн ашиг олохоо л боддог.
- Чи өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул.
- Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй.
- Өлбөрч үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгэх л тун муу хэрэг.
- Ёс зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг.
- Дөчин нас хүрсэн мөртлөө таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн бол нэгэнт дууссан хүн.
- Шударга хүн бусдын мөрөөр явдаггүй.
- Өөртөө хатуу бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна.
- Хүн л замыг өргөсгөдөг. Харин зам хүнийг биш шүү.
- Мунхаг хүн өөрийг нь ойлгохгүй байна гэж гомдоллодог, Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүст ойлгуулж чадахгүй байгаадаа харамсдаг.
- Мэргэн ухаанд хамгийн ойрхон цэг бол аливаа юмны алтан дундаж юм. Түүнд хүрэхгүй байна гэдэг нь түүнд дайраад анзааралгүй өнгөрөөд явчихтай адилхан.
- Хэн нэгний ухааныг бусдын ухаантай харьцуулж болно. Харин хүний тэнэгийг өөр хэний ч тэнэглэлтэй жишин харьцуулахын аргагүй.
- Эмэгтэйчүүд хийгээд дорд эрчүүдтэй харьцах тун хэцүү. Хэрэв тэдэнтэй ойртон дотносох юм бол, үгийг чинь сонсохоо болино. Холдох юм бол, тэдний зүгээс чамайг зайлшгүй үзэн ядах болно.
- Ариун сурталт эр хүн авьяас чадвараа дутмаг байна гэж санаа зовохоос биш, хүмүүс өөрийг нь таньж мэдэхгүй байна гэж санаа зовдоггүй.
-