Улсын аварга Э.Оюунболд хамгийн сүүлд өөрийн сэргээш хэрэглэсэн эсэх талаар мэдээлэл хийсэн билээ. Энэхүү мэдээлэл өгөх үедээ өөрийгөө допинг хэрэглээгүй, шинжилгээний шээсийг сольсон, энэ бол бөхийн холбооны хагарал гэх мэт мэдэгдэл хийсэн юм.
Хүний нүүрний хувирал, ярианы хэл, төрх байдлыг шинжилдэг шинжлэх ухааны үндэслэлээр үнэн хэлж буй эсэхийг илэрхийлэх боломжтой байдаг хэмээн эрдэмтэд ярьдаг. Үүний дагуу Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш, маркетер Б.Нандин-Эрдэнэ хэсэг хүмүүсийн хамт шинжилгээ хийжээ. Тэрээр Улсын аварга Э.Оюунболдын мэдэгдлийн үеийн нүүрний хувирлын шинжилгээ, анализ хийсэн шинжилгээнийхээ талаар жиргэжээ. Гэхдээ энэхүү шинжилгээ нь ямар нэгэн байдлаар Э.Оюунболдыг үнэн, худал хэлсэн гэдгийг илэрхийлэхгүй гэдгийг ч тодотгосон байна.
Энэхүү шинжилгээгээр уур хилэн, уйтгар гуниг, баяр баясал, айдас огт илрээгүй байна. Харин анхаарал төвлөрөлт 97.22%, оролцоо 8.9 %, жигшил 7.15%-тай гарчээ. Мөн гэнэтийн өөрчлөлт гурав илэрсэн бөгөөд бөхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, байгууллагын харьяа хяналт дор гуравдагч оронд шинжилгээ өгмөөр байна, өөрийгөө өмгөөлөх бус өв соёлоо хамгаалахын тулд гэх үгсийг хэлэх үед илэрсэн байна.