Монголын дайчид дэлхийн энх тайвны төлөө хүчин зүтгэсээр байна. БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүнтэй мотобуудлагын батальон 2012 оноос эхлэн оролцож, нийтдээ 5 ээлжинд 4250 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд байна. Яг одоо гэхэд Монголын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн мотобуудлагын батальоны хурандаа Б.Баатар захирагчтай 850 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Тэгвэл тэдний халааг авч үүрэг гүйцэтгэх Монголын Зэвсэгт хүчний 6 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны 850 цэргийн алба хаагч ажиллагааны орон газрыг зориход бэлэн боллоо. Манай дайчид маргааш буюу 2016.07.27-нд Монгол цэргийн оройн дээд сүлд Зэвсэгт хүчний Жанжин туг болон Бүх цэргийн Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлнэ. Арга хэмжээнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, дайчдын ар гэрийнхэн оролцоно. Хурандаа Б.Бат-Эрдэнэ захирагчтай үүрэг гүйцэтгэх Монголын цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллагын 700 гаруй, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ХСИС-ийн 100 гаруй алба хаагч багтжээ. Алба хаагчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулиа хангаж ажиллагааны газар орныг зориход бэлэн болсон нь энэ. 850 гаруй хүний бүрэлдэхүүнтэй цэргийн алба хаагчдын 40 гаруй хувь нь олон улсын болон НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай залуус бөгөөд 40 гаруй эмэгтэй алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ.