Хайр тоо томшгүй нүглийг уучилдаг

1183 2017/04/21 0

 

"ИВЭЭЛ ЭНЭРЭЛ” ТББ-ын тэргүүн Б.УРАНЧИМЭГ


Одоогоос хэдэн жилийн өмнө аргал түүж зараад орлогоороо байшин барьж түүндээ олон өнчин хүүхдийг өсгөн хүмүүжүүлж байгаа нэг эмэгтэйн тухай итгэмээргүй үлгэр мэт түүхийг сонссон юм. Үнэмшихэд хэцүү ч үүний цаана үнэн юу байна гэсэн эргэлзээ олон жил санаанд минь байсан учир урин орсон хаврын өглөө би Өлзийт хорооллыг зорьлоо. Хороон дээрээс сураглаж утасны дугаарыг нь олж залгахад: -Уучлаарай эгч нь хотод эмнэлгээр яваад байгаа, оройтно. Маргааш өглөө хороолол хавьд цаг товлоод уулзъя, би өглөө 10:00 цагт залгая гэв. Хэлсэн ёсоороо маргааш өглөө нь 10:00 цагт надруу залгахад нь: -Уучлаарай, би тантай олон хөлийн газар биш тухтай уулзаж ярилцах хүсэлтэй байна гээд хаягаа мессежээр явуулж гэртээ урьлаа. Ганцаараа эр хүний гэр орон ундуй сундуй, эмх замбараагүй. Энэ байдлаа эмхэлж амжаагүй байтал хаалга тогшиж Уранчимэг эгч энгэртээ цайны сүү тэвэрсээр орж ирсэн юм. Ийнхүү танилцаж түүний ажил амьдралынх нь тухай асууж болох бүх зүйлийг хэрэгт дурлан ярилцах боломж тохиосон нь энэ. Амьд ярианы хагасыг би дуу хураагуурт буулгасан, гэхдээ тэр амьдралын үнэн түүхийг сэтгэлийнхээ цөмд бүрмөсөн буулгаж авсан юм. Үүнийг тэнгэрлэг хүмүүн танд зориулъя.

Ховд аймгийн Мөст сумын адуучин, нутаг орондоо нэр хүнд сайтай, хөдөлмөрч Булгаагийнх гэдэг айл ойролцоо төрүүлсэн дэрсхэн 10 хүүхэдтэй. Энэ хүн бол энэхүү нийтлэлийн гол баатарын аав бөгөөд залуудаа насан өөд болж, сэтгэлийн шаналалд үлдсэн хань нь нэг жилийн дараа мөн бурханы орноо одож 10 хүүхэд өнчин үлджээ. Ээж ааваасаа өнчирч үлдсэн 9 дүү нь Уранчимэг охины мөрөөдлийн сургуульдаа суралцах хүслийг эргүүлсэн төдийгүй нэгэнт ирсэн хувь тавилангийн өмнө нугарахгүй байх шалтгааныг түүнд тулгасан юм. Түүнд үлдсэн хөрөнгө бол гэр бүлийн ажилсаг, цэвэрч, зөв хүмүүжил л байлаа. 10-р ангийн дэрсхэн охин Уранчимэг өөрөө ч аав эжийгээ санадаг байв. Одоо ч санан үгүйлнэ.


Бага дүү нь мээмнээсээ ч гараагүй байсан болохоор ургаж гүйцээгүй хөхөө хөхүүлж эхэлсэнээр тэр 10-р ангидаа тийнхүү ээж болжээ. Хэдийгээр ах, эгч, хамаатан садан нар маань дэргэд байсан боловч хичээгээд ч хүний төрсөн аав ээж шиг байх боломжгүй, хүүхдүүдэд өөрийнх нь аав ээжийн хайрыг юу ч, хэн ч орлож чаддаггүй юм... хэмээн хоолой зангируулан хэлэх энэ эмэгтэйн тэнгэрлэг түүх уншигч таныг амьдралын утга учрыг өөр өнцгөөс харахад тань тусална гэдэгт би эргэлзэхгүй байна.


Германы санхүүжилттэй хүүхдийн СОС хотхон тэр үед нээлтээ хийсэн бөгөөд түүний гурван бага дүүг нь авах боломжтой гэсэн хариуг аваад замын хүнс бэлдэж дүү нараа аван Улаанбаатар хотыг зорив. Аргагүйн эрхэнд Урнаа охин гурван бага дүүгээ СОС хотхонд өгөөд өдөр бүр очиж хашааных нь завсараар дүү нараа гадаа тоглож байгааг харан уйлж сэтгэлээ тайвшируулан 1-р хороолол дахь ахындаа алхаж очдог байлаа. Бага дүү нь түүний хөхнөөс гараагүй нялх байсан бөгөөд түүнийгээ санан, санан бэтгэрсэн нулимстай өдрүүд Урнаа охины амьдралын хамгийн хэцүү үе байв. Өнчин байхын зовлонг биеэрээ мэдэрч буй Урнаа өөр шигээ өнчин, дүү нар шиг нь хайр халамж дутсан хүүхдүүд олон байдгийг мэдэрсэн учир тухайн үед тэжээгчээ алдсаны тэтгэмжээ урьдчилан зээлээр авч Төрийн бус байгууллага байгуулж төрөлх нутаг болох Ховд аймгийн Мөст сумандаа очиж амьдралын боломж муу, хагас бүтэн өнчин, хүүхдүүдийг бүртгэж эхэлсэнээр тэр амьдралынхаа гэгээн зорилгыг эхлүүлжээ.

 

Хүүхдийнхээ сэтгэлийг хайр энэрлээр дүүрэн байлгаж чадаагүй бол та жаргалтай явах эрхгүй (Б.УРАНЧИМЭГ)
Хүүхдийнхээ сэтгэлийг хайр энэрлээр дүүрэн байлгаж чадаагүй бол та жаргалтай явах эрхгүй (Б.УРАНЧИМЭГ)

 

Эхэндээ өнчин хүүхдүүдэд дүү нараасаа илүүчлэн өөрийн чадах хэмжээндээ өмсөж идэхээр нь тусалж, бүр хоол унд, хайр халамж шаардлагатай хүүхдүүдийг асрамжийн газар зуучлан, хүүхдийн зөв хүмүүжилд эцэг эхийн хайр энэрэл хамгийн чухал гэдгийг ойлгосон учир өнчин хүүхдүүдийг ах эгч, хамаатнуудтай нь ойр байлгаж гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, зөв дадал зуршилыг бий болгох үйлсийг сайхан сэтгэлийнхээ дуудлагаар хийдэг болов. Эндээс Урнаа охин өөр нэг зүйлийг ажигласан байна. Хүүхдийн эрхийн конвенцоор 0-18 настай хүүхдийг хүүхэд гэнэ гэж заасан. Бяцхан хүүхдүүдийг томчууд хүүхэд хэмээн өхөөрддөг. Өнчин ч гэсэн тэд томчуудын хайр халамжинд насанд хүрнэ. Харин насанд хүрээд жинхэнэ амьдралд хөл тавих үед тэдэнд мөн л хайр, бодит дэмжлэг хэрэгтэй. Тэндээс олон өнчин хүүхдүүд амьдралынхаа зөв замыг сонгох уу буруу замруу орохуу гэдэг их шалтгаалдаг. Насанд хүрсэн болохоор чи одоо дүү нараа тэжээж авч явах ёстой гэсэн хандлага түүний зорилгыг дахин нэг шатаар нэмэгдүүлжээ. Тэр нь үе тэнгийн нөхөд нь адилхан насанд хүрсэн мөртлөө аав ээжээрээ, формоо авахуулж, төлбөрөө төлүүлж хөгжиж байхад насанд хүрсэн өнчин хүүхдүүдийг хэн, яах юм бэ гэсэн эргэлзээ. Урнаа өөрөө их сургуульд суралцахыг чин сэтгэлээсээ мөрөөдөж байсан ч өөр шиг нь олон хүүхдүүдэд туслах чин хүсэл хувийн мөрөөдлөө дахин орхиход хүргэжээ.


2007 онд Ховд аймгаас сургуульд сурах амьдралын боломжгүй 24 өнчин хүүхдийг авчирч Баянзүрхийн товчоонд айлын хашаа түрээслэн амьдарч эхлэв. Миний бие энэ бүсгүйн нугарашгүй хүнлэг чанар, баатарлаг үйлс, хүн бүхэнд байдаггүй хүний ухааныг уншигчдад хүргэх л зорилготой учир замын зардал хоол ундны мөнгийг хэрхэн хөдөлмөрлөж олдог байсан тухайг орхигдуулан товч бичсэнээ хүлцэл өчье.


 

Суралцах амьдралын боломжгүй өнчин 100 орчим оюутныг сургууль төгсгөж эх орныхоо хөгжилд өөрийн амьдралаа зориулж яваа энэ эмэгтэй бол баялаг бүтээгч
Суралцах амьдралын боломжгүй өнчин 100 орчим оюутныг сургууль төгсгөж эх орныхоо хөгжилд өөрийн амьдралаа зориулж яваа энэ эмэгтэй бол баялаг бүтээгч

 

Тэрээр анх авчирсан 24 хүүхдээ бүгдийг нь хөөцөлдөн их дээд сургуульд оруулан төлбөрийнх нь нэхэмжлэхийг аваад төрсөн хүүхдийнхээ төлөө сэтгэл гаргаж явдаг эх хүн шиг л тэднийхээ төлбөрийг олохын төлөө уйгагүй хөөцөлдөж хувийн компаниудад ханддаг байжээ. Аз болоход сайн үйл хийж яваа хүнийг ойлгон дэмждэг сайн санаат хүмүүс түүнд тусалсаар анхны 24 оюутныхаа төлбөрийг бүрэн төлж, өөрийн болон өргөмөл гэж болох олон дүү нараа харж хамгаалж, зөв хүмүүжүүлж эхэлжээ. Анхны 24 хүүхэд бүгд өнчин, суралцах боломжгүй байсан хэдий ч тэр хүүхдүүдийн сурах хүсэл тэмүүлэл Урнааг улам хүчтэй болгож байлаа. Өвлийн хүйтэнд хөл хайрах зуны ботинкоосоо санаа зовсондоо өргөн өмдөөр халхалж тэднийхээ автобусны мөнгө, хичээлийн урсгал зардал, өвдсөнд нь эм тариа, өлсөхгүйн тулд хоол ундны мөнгийг олохын тулд хүйтэн халууныг үл ажран уйгагүй хөдөлмөрлөнө.

 

Үргэлжлэлийг энд дарж унших боломжтой. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?