Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост тосон бумбын нуруунд байрлуулсан амьтдад зориулсан зөөврийн усан сангаас том, жижиг хоёр ирвэс ундаалж байгаа ховор дүрс бичлэг үлджээ. Уг усан санг Монголын аргаль, янгир хамгаалах сангаас байрлуулсан бөгөөд тус төвийн байрлуулсан камерт үлдсэн энэ сонирхолтой бичлэгийг бидэнд илгээсэн юм.
Дэлхийн ховордсон Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад багтсан цоохор ирвэсийн өлгий нутаг нь Монгол орны хэмжээнд Тост тосон бумбын нуруу гэж үздэг байна. Цоохор ирвэс нь шөнийн амьдралтай амьтан бөгөөд өдөр нь унтаж, шөнийн цагаар идэш тэжээлээ хайж ан гөрөө хийдэг.
Камерыг тус байршилд 2023 оны аравдугаар сард байрлуулсан саяхан шүүж, энэхүү ховор бичлэг олж авчээ.
Говийн хатуу ширүүн уур амьсгалтай, хур тунадас бага ордог бүс нутагт зэрлэг амьтдад зориулан зөөврийн уст цэг байгуулсан нь үр дүнгээ өгч дэлхийд ховор цоохор ирвэс тус цэгээс ундаалж буй дүрс бичлэг үлдсэн нь маш ховор тохиолдол гэж судлаачид олзуурхаж байна.
Монголын аргаль янгир хамгаалах сан нь 2017 онд байгуулагдсанаас хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд жил бүр хүйтэн, тарчиг цагт зэрлэг амьтдад зориулан уст болон идэш тэжээлийн цэгүүдийг байгуулж иржээ.
Тус сангийнхан Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтарч, 2024 оны зургаадугаар сард судалгааны төв байгуулахаар бэлтгэл хангаж буй бөгөөд байгаль хамгаалах чиглэлээр эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллахад бэлэн буйгаа онцолсон юм.
Аргаль, янгир хамгаалах сан судалгааны төвийг ашиглалтад оруулснаар цаашид хүүхэд, залуучуудыг зэрлэг амьтдыг хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах ажлуудыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөжээ.