Эмнэлгүүд нэмэлт санхүүжилт авахын тулд хуурамч өвчний түүх бичсэн зөрчил илэрсэн гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр /2025.09.23/ хэллээ. Энэ талаар тэрбээр “Эмнэлгүүд санхүүжилт авахын тулд ханиадтай өвчтөнийг хатгаа авсан, шинжилгээ өгөх хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэх гэдэг юм уу Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн зардлыг хэт үрэлгэн байдлаар зарцуулдаг, үүнээс болж Эрүүл мэндийн даатгалын сан доголдох, өр үүссэн нь шалгалтаар урьдчилсан байдлаар тогтоогдож байна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн даатгалын сангийн өр, төлбөрийн шалтгаан, нөхцөлийг судалж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, цаашид тус сангийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт ахалж байгаа юм. Ажлын хэсгийнхний шалгалтын дүн удахгүй нэгтгэгдэх бөгөөд зарим ноцтой асуудлыг нь хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ гэж мэдэгдээд буй.
Өмнө нь энэ асуудалтай холбогдуулж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл хийх үеэрээ “Засгийн газрын хуралдаанд эрүүл мэндийн даатгалын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Эрүүл мэндийн даатгалын санд 316 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсээд байсныг Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд байхдаа төлж барагдуулсан. Ийм байхад энэ оны эхний найман сарын байдлаар дахин 142 тэрбум төгрөгийн өр үүссэн. Үүнээс 130 тэрбум нь эмийн өр. Үүнээс болж эм ханган нийлүүлэх компаниуд эмээ нийлүүлэхээ болих нөхцөл үүсээд байна. Санхүүжилтээ эмнэлгүүдэд ялгаж өгдөг зүйл ажиглагдсан. Боломжтой газруудад санхүүжилтийг 100 хувь өгчихөөд хэрэгцээтэй газар нь өгөхгүй өр үүсгэж байгаа асуудлыг шийдэх шаардлагатай” гэж мэдээлэл хийж байсан билээ.
Сангийн сайдын хувьд Эрүүл мэндийн даатгалын сан нь ёроолгүй сав шиг болсон. Алдагдал үүслээ гэдэг Засгийн газраас төлдөг” гэж мэдэгдэж байв.