АНУ-ын тусгаар тогтнолыг тунхагласны 250 жилийн ойд зориулан Ерөнхийлөгч Дональд Трампын дүртэй нэг долларын нэрлэгдсэн үнэ бүхий зоос гаргахаар төлөвлөж байна.
Америкийн хуулиар Сангийн сайд нэг долларын зоос гаргах эрхтэй байдаг. Дурсгалын зоосыг 2026 онд цутган гаргах бөгөөд зоосны загвар нь АНУ-ын хагас зуун жилийн ойн бэлгэдэл болохыг тодотгосон хуульд Дональд Трамп өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд гарын үсэг зурсан байжээ.
Зоос бүтээх ажлыг сенаторын зөвлөх Стив Гест, АНУ-ын Сан хөмрөгийн их нярав Брэндон Бич, Сангийн яамны төлөөлөгч нар дэмжин баталжээ. Төсвийн асуудлаас болж түр хугацаанд саатаад буй Засгийн газрын үйл ажиллагаа сэргэсний дараа энэ талаар тодорхой мэдээлэл хийх юм.
Загварын зургаас харахад зоосны нүүрэн талд Д.Трампыг хажуугаас нь дүрсэлсэн төрх, “Эрх чөлөө”, “Бид Бурханд итгэдэг” гэсэн бичээсүүд байх аж. Нөгөө талд нь зангидсан гараа өндөрт өргөсөн төрхийг Америкийн далбааны дэвсгэр дээр “Fight, Fight, Fight” гэсэн үгийн хамт дүрсэлсэн байна.