АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын 80 насны төрсөн өдөр зургадугаар сарын 14-ний Ням гаригт тохиов. Түүний төрсөн өдрөөр Орос, Украины ерөнхийлөгч нар утсаар ярьжээ.
Путин, Трамп нарын яриа цаг орчим үргэлжилсэн гэж Оросын ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков хэллээ. Трамп энэ үеэр байлдааны ажиллагааг зогсоох шаардлагатайг онцлоод, энэ зорилгод хүрэхийн тулд Европын холбоотнууд болон Украинд нөлөөлөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ. Мөн Оросын энгийн иргэний байгууламжуудад цохилт өгч байгаа нь тохиролцоог хүндрүүлж буйг дурдсан байна.
Харин Путин “Украины арми Оросын энгийн иргэний байгууламжуудад халдаж байгаа нь фронтын талбар дахь нөхцөл байдлыг өөрчлөхгүй. Зеленский надтай уулзмаар байгаа бол Москвад хүрээд ир” гэжээ.
Ушаковын мэдэгдсэнээр АНУ-ын элч Стив Виткофф, Жаред Кушнер нар удахгүй ОХУ-д айлчлах бололтой.
Тэгвэл Украины ерөнхийлөгч Зеленский Трамптай ярьсан яриагаа гайхалтай болсон гэж дүгнэжээ. Тэрбээр Трампад төрсөн өдрийн мэнд хүргэхийн сацуу Украиныг дэмжиж буйд нь талархал илэрхийлсэн байна. Илүү нарийн ширийн зүйлийг дэлгээгүй ч тэд энх тайвныг илүү хурдан цогцлоох хүчин зүйлсийн талаар хэлэлцсэн аж. Мөн тэд удахгүй болох “Их-7”-ийн дээд хэмжээний уулзалтаар илүү дэлгэрэнгүй ярилцахаар тохирчээ.










































































