Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
-
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хүнсний үйлдвэрлэл, хамт олноо хөгжүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, чанарыг эрхэмлэн стандартыг амжилттай хэрэгжүүлж, хүнсний үйлдвэрлэлийн салбарт олон улсын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн гурил, гурилан бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, амт чанарыг сайжруулж, хүн амын хүнсний хангамжийг дээшлүүлэх, иргэдийг эрүүл хүнсээр хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлэн МҮХАҮТ-ын гишүүн, хүнсний ууган үйлдвэр “Өгөөж чихэр боов” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Сумъяагийн Түмэнгэрэлд хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, “Сүхбаатарын одон”-гоор шагналаа.











































































