Д.Дондов: Би хүүхдээ мөлхөхийг нь, хөлд орохыг нь харж байгаагүй

819 2018/01/09 1

Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн өдгөө 52 жилд нь тус салбарт өөрийн амьдралаа, зүрх сэтгэлээ зориулж яваа хүн бол Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавъяат ажилтан, Техникийн ухааны доктор, профессор, Монгол улсын зөвлөх инженер Д.Дондов юм. Энэ эрхэм хүмүүн нүүрсний салбарын нэвтэрхий толь болохын учир бид Д.Дондов гавъяатыгаа хоймроо залж, түүний ажил, амьдралын замнал болон уурхайн түүхэн явцын талаар хүүрнэлдсэнээ ийн хөрвүүллээ.

  
-Танд уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. Та бол Монголын уул уурхайн, ялангуяа нүүрсний уурхайн түүхийг эхнээс нь бичилцсэн хүн. Тэгэхээр юун түрүүнд таны ажлын гараагаас яриагаа эхлэх нь зөв болов уу? 
-Баярлалаа. Миний зүгээс мөн уул уурхайн салбарт хүчин зүтгэж яваа үе үеийн уурхайчиддаа саяхан тэмдэглэн өнгөрүүлсэн 95 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна.  
Ер нь намайг хүмүүс "нүүрсний Дондов” гэдэг л дээ. Би 1965 онд хуучнаар Ленинградын Уул уурхайн их сургуулийг төгссөн. Төгсөж ирээд Бүрэнцогтын гянтболдын уурхайгаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Гэвч осолд орсоноос хойш далд уурхайд ажиллах боломжгүй болж, 1967 онд Шарын голын уурхайд яамны томилолтоор очсоноос хойш миний амьдрал нүүрстэй холбогдсон. Намайг Шарын голын нүүрсний уурхайд очиход уурхай дөнгөж ашиглалтад орсон байлаа. Тэнд найман жил ерөнхий маркшейдер, ерөнхий инженерээр ажиллаад, дараа нь Багануурын уурхайн даргаар 12 жил ажилласан юм. Тэнд миний бүх ажил, амьдралын бүтээн байгуулалт өрнөсөн. Багануурын хувьд анхны жорлонгоос нь сүүлчийн том барилгыг дуустал зөвхөн миний гарын үсэгтэй хүлээж авсан байдаг. Багануурт 1979 онд анхны шан дээрээс нь эхлээд л 1990 он хүртэл ажилласан.Хамгийн сүүлд 6 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай нүүрсний уурхайг улсын комисс нь гарын үсэг зураад хүлээн авч билээ. Ингээд яамны орлогч сайдын албан тушаалд томилогдоод хоёр жил болсны дараа багшийн ажилд шилжиж өнөөдрийг хүрлээ. Уурхайн дарга нараас би анхны гавъяат нь юм. 

-Та бүгдийн хийж байсан ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл одоогийнхоос харьцангуй өөр байсан болов уу. Учир нь уурхайн хажуугаар хот байгуулах их ажил өрнөж байлаа шүү дээ. 
-"Монгол хүн адууны хомоолоор үргэлж гэрээ дулаацуулж байж чадахгүй, заавал нүүрс түлш хэрэгтэй” хэмээн Анри Белинкиний "Монголд хийсэн өдрийн тэмдэглэл” номонд бичсэн байдаг. Олон санаа бодлыг зохицуулж, нэгтгэн нэг цул болгоно гэдэг амаргүй. Ашиглалтыг нүүрсний ордын хаанаас нь эхлэх вэ гэдэг төвөгтэй байлаа. Нүүрсний аль давхаргаас эхлэх вэ, ямар системээр ашиглах вэ, хуулсан хөрсөө хаана овоолох вэ, нүүрсний уурхайн үйлдвэрлэлийн талбайд дулааны цахилгаан станц, бусад үйлдвэрээ хаана байрлуулах вэ, аль хэсэгт хот байх вэ, цогцолборыг ус, дулаанаар яаж хангах вэ, цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамыг хаагуур татаж, автозам болон төмөр замыг хаагуур нь эргүүлж, хааш нь чиглүүлж талбай хоорондын харьцааг зохион байгуулах вэ зэрэг маш олон асуудлыг бид төлөвлөн шийдэж байлаа. Багануур бол төвийн бүсийг олон жилийн турш нүүрсээр хангах уурхай юм. 

-Нүүрсний салбарын тухайд төрөөс баримталж байгаа өнөөгийн бодлого хэр зөв гольдролоор явж байгаа бол? 
-Уул уурхайд нэг том аюул байгаа юм. Ашигт малтмалын хуулинд хэд хэдэн нэмэлт заалт оруулах хэрэгтэй. Үүнээс ганц жишээ дурьдахад, Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдах, шилжүүлэх тухай 49.2, 51.1 заалтуудыг хүчингүй болгох нь зүйд нийцнэ. Ингэснээр "Лицензийн наймаа” нэгмөсөн зогсоно. Үнэндээ та хайгуулын ажил хийх тусгай зөвшөөрөл авсан бол хайгуулаа хий. Ашигт малтмалаа ол. Нөөцөө батлуул. Энэ бол төрийн хишиг буян. Хэрэв чадахгүй бол үнэнээ хэлээд төрдөө буцааж өгөх ёстой. Дараагийн чаддаг хүн нь аваг гэсэн зарчим байх нь туйлын шударга байх болно гэж үзэж байна. Үүнээс гадна түлшний тухай ярихад зөвхөн нүүрс хамаардаг мэт өрөөсгөл ойлголтыг өөрчилж, бүх төрлийн түлшийг "эрчим хүч” гэсэн ойлголтод хамруулах хэрэгтэй. Тодруулбал, нүүрс, занар, байгалийн хий, шатдаг хий, шингэрүүлсэн хий, нүүрсний давхаргын метан хий, газрын тос, нефть бүтээгдэхүүн, уран ба торийн хүдэр, тэдгээрийн баяжмал болон байгалийн органик материалуудыг цогцолбороор нь авч үзэх шаардлагатай байна. Ер нь Монгол улс нэг хэсэгтээ уул уурхайгүйгээр хөгжихгүй. 

-Аливаа хуульд эрдэмтэн, доктор, профессоруудын санал, зөвлөгөөг тусгах байдалд­ иргэд шүүмжлэлтэй ханддаг. Мэргэжлийнхний үгийг сонсдоггүй гэдэг байдлаар. Нөлөө бүхий хүний хувьд таны санал, санаачлагыг хуульд тусган оруулдаг уу? 
-Нүүрсний салбарын хөгжлийн хэтийн төлвийн тухай, нүүрсний салбарын асуудал гээд орон нутгийн хэвлэл мэдээлэл гэх мэт янз бүрээр бичсэн миний 20 гаруй санал бий. Хуулийн заалтад ч мөн миний саналууд цөөнгүй тусгагдан ордог. 

-Та уурхайн осолд орж байсан гэж дээр хэллээ. Болсон явдлын талаар тодруулахгүй юу? Ер нь энэ салбарт орсондоо шантрах үе байсан уу?  
-Тэр үед яах ч арга байхгүй, амьд гарахыг л хүсэн мөрөөднө шүү дээ. Бүрэнцогтын уурхай бол вольфран, гянтболдын стратегийн буюу цэрэг дайны түлш, бүр тодруулбалатомын, тив алгасах пуужин, сансрын хөлгийн гадна талаар нь бүрхдэг 3000 хэмд халдаггүй хайлшийг олборлодог байсан юм. Уурхайчин хүний үр шимийг хүртэж, ажилдаа дасаж, амьдрал ахуй ч өөдлөн дээшилж байсан үе. Уурхайчин бүсгүйтэй ханилан гэр бүлтэй ч болов. Гэтэл ажил, амьдралын урт замд санаандгүй тохиолдох гай зовлон надад учирсан юм. Уурхайд гарсан уулын ажлын гологдлыг арилгах үүрэг гүйцэтгэж яваад би осолд орж, 250 метрийн гүнд 12 цагийн турш нурангид дарагдан амь наана, там цаана болж байлаа. Дээд сургуульд хамт сурч байсан, ерөнхий инженер н.Амар, ерөнхий механик н.Төмөртогоо нарын мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж ажилласан аврах ажиллагааны дүнд би аврагдаж амь хэлтэрсэн юм даа. Ингээд л газрын гүний уурхайгаас "браклагдаж”, Шарын голын уурхайд шилжиж ирснээр миний ил уурхайн салбарт хөдөлмөрлөх хувь тавилан эхэлсэн учиртай. 

Уурхайчин болох гараагаа би 1961 онд Эстонд байдаг занарын уурхайгаас эхлүүлж, улмаар Садоны хар тугалга, цайрын хүдрийн уурхайд, Донбасын зэрэг уурхайд ажиллаж байсан. Садоны хар тугалга, цайрын уурхайд орох гол ам нь далайн түвшнээс 1600 метрт өргөгдсөн боловч уурхайн доод цэг нь мөн түвшнээс 1200 метрийн дор байхаас хүдэр олборлох ажлын байр нь +30 хэмийн халуунтай байлаа. Ийм нөхцөлд ажиллаж, уурхайн нөхцөлд дассан учраас уурхайн ажлын хүнд бэрхэд шантарч байгаагүй. 
 
-Уурхайчин хүний амьдрал, энэ мэргэжлийн онцлогийг энгийн үгээр тайлбарлавал? 
-Багануур, Шарын голд ажиллаж байхад өглөө зургаан цагт гэрээс гарна, шөнө 12 цагт ирж унтана. Өглөө явахад, орой ирэхэд хүүхдүүд унтаж байна. Би хүүхдээ мөлхөхийг нь, хөлд орж байхыг нь хараагүй. Тийм завгүй ажилладаг байсан. Шинэ жил болоход хүмүүс ёолк засаад л, оргилуун дарс задлаад л баярлаж байхад бид уурхай дээрээ л зогсож байна. Улаанбаатарын цахилгаан станцыг зогсоохгүйн тулд нүүрсийг нь зогсолтгүй нийлүүлэх ёстой. Багануурын уурхайд том зааланд инженерүүдэд 40 гаруй ор засчихсан, хоол бэлэн өгнө. Унт, амар, дуудлага гарвал гар гэсэн системтэй ажиллана. Цагаан сар хориотой байсан үе. Ерөнхий инженер нь жолооч нараа ажилд гаргах гээд очиход нүүрс зөөдөг беланзын жолооч нар гэртээ найрлаад сууж байна. Золгох ёсон байна, золгоно, тэгээд л ажилдаа гарна шүү дээ. Уурхайчид ийм ирмүүн сэтгэлтэй, сайхан хүмүүс байдаг юм. 

Сонирхуулж ярихад, 1979 оны есдүгээр сард Багануурын уурхайн даргаар томилогдоод очиход Зөвлөлтийн барилгын 4000, цэргийн 2000 барилгачид Багануурын уурхайн бүтээн байгуулалтыг хийсэн. Гэхдээ Анри Белинкиний бичсэнээр бол Зөвлөлтөөс ирсэн барилгачид бүгд хөлсний ажилчид байсан юм гэнэ лээ. Мөн Төв, Дундговь аймгуудаас болон Улаанбаатарын 54, 48-р сургуулиудаас илгээлтийн эзэд гэж 2000 хүн аваачиж ажиллуулсан юм. Илгээлтийн эзэд бүгд мэргэжилтэй болсон. Хамгийн сайхан нь Багануурт баригдсан бүх орон сууцны барилга уурхайн захиргааны мэдэлд байлаа. Тэгэхээр би хамгийн түрүүнд уурхайчиддаа, слесарьтаа, машинчдаа байр өгнө. Хотын захиргааны дарга нар надаас өөрсдийн ажилчиддаа байр өгөхийг гуйдаг байлаа шүү дээ /сурв: инээв/. 
 
-Эхнэр тань мөн уурхайчин эмэгтэй юм байна. Гэр бүлээ товч танилцуулаач. Та хэдэн хүүхэдтэй вэ? Таны бахархам түүхт энэхүү ажил үйлсийг өвлөн үргэлжлүүлж буй үр удам байна уу? 
-Байлгүй яах вэ. Миний эхнэр Б.Батсүх баяжуулалтын инженер мэргэжилтэй. Би хаана томилогдоно, эхнэр тэнд, хамт ажиллаад л явдаг байлаа. Би дөрвөн охинтой хүн. Зээ нар минь бүгд хөвгүүд. Том охин бизнесийн ажлаар гадаадад ажилладаг. Удаах охин минь эдийн засагч. Түүний дараагийн охин Д.Эрдэнэтунгалаг маркшейдер мэргэжилтэй. Ашигт малтмалын газарт ажилладаг, миний мэргэжлийг өвөлж авсан хүн. Бага охин Д.Эрдэнэсүрэн бас уул уурхайн эдийн засагчаар ШУТИС-д багшилдаг. Хамгийн гол хүн бол миний зээ хүү Э.Ажнай Уул уурхайн инженер, Германы Уул уурхайн академид мастерт сурч байгаа. Энэ хүү бол жинхэнэ миний өв залгамжилсан "горняк” болох хүн юм. 

-Олон шавь нартаа өөрийн мэдлэг, туршлагаасаа харамгүй зааж сургасан биз ээ. Хэчнээн шавь төгсгөөд байна? Тэдгээрээс олон сайчууд төрөн гарсан байх. 
-Би 400 хол давсан шавь төгсгөж, 2 доктор, 31 магистр бэлтгэжээ. 10 гаруй сурах бичиг бичсэн байна. Багшийн ажлаас гадна би нүүрсний салбараас хэзээ ч салахгүй хүн байгаа юм. Тэр утгаараа би Эрдэнэс Тавантолгойн, Багануурын, Шивээ-Овоогийн, Шарын голын ТУЗ-ын гишүүн. 
 
-Орчин үеийн уурхайн залгамж халаа хэр хэмжээнд боловсорч, хөгжин гарч байна вэ?  
-Ер нь шавиа муулдаг багш гэж байхгүй. Багш гэдэг бол зүгээр л хичээл заагаад төгсгөдөг хүн биш. Миний төгсгөсөн шавь болгон ажилтай байгаасай, дэвшиж дэвжээсэй гэсэн бодлоор багш хүн сэтгэдэг. Залгамж үе өсөн дэвжиж байна. Миний шавь нараас жишээ нь, Эрдэнэс Тавантолгойд удирдах албан тушаалын хэд хэдэн хүн байна. Манай мэргэжил их сонин. Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Ш.Отгонбилэг, одоогийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ил уурхайн дарга Н.Бямбадорж, "Шижир Алт” уурхайн Ерөнхий захирал Г.Ёндон, залуучуудаас гэвэл, Багануурын уурхайн гол удирдлагууд, Эрдэнэс Тавантолгойн Үйлдвэрлэлийн орлогч дарга н.Баярбаясгалан нар бүгд л маркшейдер мэргэжилтэй. Залуус одоо 1-р хүн болоход их хэцүү л дээ. Учир нь тэд аль нэг намын гишүүн байх шаардлагатай. 

-Та бид хоёр уул уурхай гэсэн асар том айлын түүхэн хөгжил, алдаа оноо, ирээдүй хойчийг нэг бүрчлэн яривал маш их цаг зав хэрэгтэй болно. Тиймээс таны хамгийн түрүүнд хэлэхийг хүсч буй тэр л үгсээр ярилцлагаа өндөрлүүлье гэж бодож байна. 
-Өөрийгөө ярихаас гадна нүүрсний түүхэн хөгжлийг ярихдаа нэгэн агуу хүний тухай болон түүний бичсэн номыг дурьдах нь зүйтэй гэж би үзэж байна. Тиймээс энэ талаар товч ярьж өгье. Уул уурхайн 95 жилийн ойд зориулж яамнаас ном гаргаж байгаа. Энэ ном бол Анри Белинкин гэж хүний бичсэн бүтээл. Тэрээр 1971-2015 он хүртэлх монголын нүүрсний ил уурхайн түүхийг бүтээлцсэн, том гавъяатай хүн юм. Тухайлбал, Шарын голын нүүрсний уурхайн өргөтгөлийн зураг төслийг 1978 онд хийсэн бөгөөд тэр үед бид хоёр анх танилцаж байлаа. Адуунчулууны уурхайн өргөтгөлийн төслийг мөн Анри хийсэн. 1981-1985 онд Монгол улсын төвийн нүүрсний хэрэгцээг хангах ганц орд нь Өвдөгхудагийн орд гэж байлаа. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд орших тус ордоос жилд 2 сая тонн нүүрс олборлохоор байсан юм. Ингээд хуучнаар ЗХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр ашиглая гэж хоёр улсын түвшинд ярилцаад байсан ч ус болон бусад асуудлаас шалтгаалан олборлолт хийх бололцоогүй болж зогссон. 

Харин Анри Багануураас жилд 6 сая тонн нүүрс олборлохоор бүх түвшний буюу гурван шатны зураг төслийг гаргасан юм. Үүний зэрэгцээ тэрээр 1980-аад оны үед Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглахтай холбоотой геологи хайгуулын ажилд шаардлагатай ТЭЗҮ-г мөн хийсэн. Манайх яг үүний дагуу ажилласан. Дараа нь Тавантолгойн нүүрсний ордыг жилд 20 сая тонн нүүрс олборлох ТЭЗҮ-г нь бас хийсэн юм. Энэ талаар 132 боть ном одоо яамны фондод бий. Түүний нөр их хөдөлмөрийг Монголын төр үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан. Тэрээр "Монгольский дневник” буюу "Монголд хийсэн өдрийн тэмдэглэл” гэдэг ном бичиж 2015 онд бидэнд илгээсэн нь өнөөдөр та бүхний гар дээр монгол орчуулгаар хүрч байгаа юм. Энэхүү номонд монголын нүүрсний уурхайн түүхийг нэг бүрчлэн маш сонирхолтойгоор өгүүлдэг. 
 
-Уурхайн түүх бол манай нийгмийн тодорхой цаг үеийн түүх гэсэн үг. Энэ утгаараа энэхүү номыг дан ганц уурхайчид бус хүн бүр унших хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Тэгэхээр уул уурхайн бүтээн байгуулалтын үеийн талаар бага ч гэсэн ойлголттой болсны хувьд номны төгсгөл их сонирхолтой санагдаж байна. 
-Анри Белинкин номынхоо төгсгөлд "Би дахиад Багануурынхаа сайхан уурхайг харж чадах болов уу, үгүй болов уу? Агуу их Хэрлэн голынхоо хөвөөнд очиж харж чадах болов уу, үгүй болов уу? Тавантолгойгоо харж чадах болов уу, үгүй болов уу? Энэ номыг Монголын бидний нөхөд монгол хэл дээр хөрвүүлж, ард түмэндээ хүргэх болов уу гэж найдаж байна.” гэж бичсэн байна. Мөн "...Би хуучин анд найзууд Д.Дондов, н.Сундуй нартайгаа байнгын холбоотой байдаг. Тэд бол замаасаа гардаггүй, хүчирхэг морьд.” гэж бидний тухай маш сонирхолтойгоор тодорхойлж номоо төгсгөдөг. Хамгийн гол нь бид хоёр бүх уурхайдхолбоотой ажиллаж байжээ. 
  
АНРИ БЕЛИНКИНИЙ НОМОНД ДУРЬДСАНААС ИШ ТАТАХ НЬ: 
Монголын нүүрсний салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ П.Очирбат, Д.Дондов, М.Пэлжээ, Д.Содном,Ч. Хурц, Ж.Батмөнх дарга, Д.Майдар дарга нар голлох рольтой ажилласан шүү. 
 
...Би Дондовыг 1981 оноос мэднэ. Дондовын бөгтөр улам нэмж, үс нь шингэрч, таргалж махалсангүй, ямар ч байсан тэр чигээрээ байх аж. Бидэнтэй хамтран ажилладаг монголчуудаас ихэнхи нь үүгээрээ бахархаж чадахгүй буй за. Дондов бодолд дарагдаж явдаг инженер тул өнөөдрийн хашиж байгаа өндөр албан тушаалд дэвшээд зан ааш нь хувирсангүй. Техник ажил түүнд захиргааны ажлаас илүү сонирхолтой байдаг юм шиг санагдаж билээ. П.Очирбат сайд түүнээс илүү нэр хүндтэй мэргэжилтнийг нүүрсний энэ ирээдүйтэй ил уурхайн даргын албан тушаалд олоогүй аж... 

Ийн тус номонд Монголын уул уурхайн бүх түүхийг олон талаас нь бичжээ. Хэн сайн, муу ажилласан, хэн ямар төрхтэй байсан, хэн ямар араншинтай байсныг хүртэл тодорхойлж бичсэн аж. Агуулгын хувьд Монголын Өвдөгхудгийн нүүрсний ил уурхайг барьж байгуулах ТЭЗҮ, Шарын голын, Адуунчулууны нүүрсний ил уурхайн өргөтгөлийн техникийн төслийн ажил, Тавантолгойн бүх шатны ТЭЗҮ, Шарын голын уурхайн өргөтгөлийн төслүүд, Багануурын уурхайн ТЭЗҮ, өргөтгөлийн төсөл, барилга байгууламжийг хүлээлгэж өгсөн тухай болон Монгол, Зөвлөлтийн хамтын ажиллагааны үр дүн, хийсэн ажлууд зэргийг тоочин өгүүлжээ. Энэ номын орчуулга дээр Д.Дондов гуай тавдугаар сарын 15–наас эхлэн ажиллажээ. Уг ном нь орос эхээрээ 730, монголоор 850 хуудас болсон байна.
Я.Хулан



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
  • a
  • 2018/01/13 16:10
haaguur demii tenej ywsan t1 ve
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?