Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Г.Одбаяр болон ОУХМ Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Л.Энх-Отгон нар хүч сорино.
Эрэгтэй 73 кг-ын жинд өрсөлдөх Г.Одбаяр гавьяат энэ онд Тбилисийн Гранприд 5-р байранд шалгарсан бол Антальягийн Гранприд шилдэг 8-д шалгарч УАШТ-д хүрэл медаль хүртсэн. Харин Ц.Цогтбаатар Ази-Номхон далайн АШТ-д түрүүлж, Парисын Их Дуулгаас мөнгөн медаль хүртэж УАШТ-д түрүүлээд байгаа билээ.
Харин эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөх Л.Энх-Отгон нь 19 настай бөгөөд анх удаагаа дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож байгаа юм.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир 2015 онд хүрэл медаль, Г.Одбаяр 2017 онд мөн хүрэл медаль хүртэж байсан. Харин эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Х.Эрдэнэ-Од гавьяат 2005 онд Кайраас хүрэл, Д.Сумьяа 2017 онд алт, 2015, 2018 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
Өчигдөр манай жүдочдоос 66 кг-ын жинд барилдсан Ё.Басхүү амжилттай барилдсан. Тэрээр тэмцээний хүрэл медалийн төлөө Молдавын Д.Вейру-тай барилдаж нэмэлт цагт иппон үнэлгээгээр ялагдсанаар тэмцээнийг өндөрлүүлсэн юм. Тэрээр дэлхийн чансаанд дээгүүр бичигддэг, дэлхийн аварга зэрэг олон бөхийг ялж шуугиан тарьсан билээ.