Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албаны хүмүүс өнөөдөр Хөх хотын дарга Фөн Үйжэнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын Захирагч С.Амарсайхан талархал илэрхийлэв.
Монгол Улс, БНХАУ-ын стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж шинэ утга агуулгаар баяжиж байгаад баяртай байна. БНХАУ нь манай улсын худалдааны хамгийн том түнш, хамгийн том хөрөнгө оруулагч. Өнгөрсөн оны байдлаар манай улсын гадаад худалдааны 63 хувь нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод зам гүүр, сургууль цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтууд амжилттай хэрэгжиж байгааг дуулгахад таатай байна хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын захирагч С.Амарсайхан хэллээ.
Мөн хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дуулгаад, Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойн арга хэмжээнд Хөх хотын дарга Фөн Үйжэнийг хүрэлцэн ирэх урилгыг гардуулсан юм.
Хөх хотын дарга Фөн Үйжэнь хэлэхдээ “Улаанбаатар хотын түүхт ойн арга хэмжээнд урьсанд талархал илэрхийлээд, 1991 онд хоёр хотын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Хоёр хотын хамтын ажиллагаа өнгөрөгч 28 жилийн хугацаанд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад талархаж байна. Ялангуяа соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарт олон ахиц гарсныг онцолмоор байна. Түүнчлэн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Хятад Монголын экспог Хөх хот хоёр удаа амжилттай зохион байгуулсан. Гурав дахь удаагийн экспог ирэх сард Улаанцав, Хөх хотод зохион байгуулна. Цаашид хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэлээ.
Талууд хоёр хотын зүгээс хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд санал солилцож, уулзалтанд оролцсон хоёр хотын хувийн хэвшлийн төлөөллүүд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.