Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас учирсан хохирлыг цаг алдалгүй даван туулах ажлын хүрээнд улсын нөөцөөс гаргасан гэр, хүнс, бараа, материал, тэдгээрийг тээвэрлэн хүргэсэн тээврийн зардал болон Баян-Өлгий аймагт ажилласан Улсын онцгой комиссын ажлын хэсгийн томилолт, нислэгийн зардалд шаардах хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Баян-Өлгий аймгийн гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай нийт 329 сая 512 мянган төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд, Улсын нөөц сангаас олгосон иж бүрэн 70 гэр, хүнсний бараа, материал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг 2016 оны IV улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа.
Гамшгийн улмаас 160 гаруй өрхийн 700 орчим хүн гамшигт нэрвэгдэж, 100 гаруй орон байр, эд хөрөнгө усанд автсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын даргын тушаалаар шуурхай ажлын хэсгийг 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт томилон ажиллуулжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үеийн улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс нийт 126.2 тонн бараа, материалыг Баян-Өлгий аймаг руу тээвэрлэн хүргэж, иргэдэд хуваарилан олгоод байна.