Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар Монгол улсад айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины онгоц өнөө орой Буянт-Ухаад газардах юм. Түүний энэ удаагийн айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халхын голын дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцохоор төлөвлөсөн байна.
Түүний айлчлалтай холбогдуулан есдүгээр сарын 3-ны ажлын өдрийг 7-ны Бямба гаригт шилжүүлж амралтын өдөр болгосон. Мөн өнөөдөр үдээс хойш, 3-ны өдөр бүтэн нийслэл Улаанбаатар хотын төвийн замуудыг хэсэгчлэн хаахаар зохицуулжээ.
Энэ удаагийн айлчлалын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрөгч долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө хоёр орны дипломат харилцааг нэг шат ахиулан, Иж бүрэн Стратегийн түншлэлийн харилцаанд шилжинэ. Ингэснээр Монгол улс хоёр хөрштэйгөө Иж бүрэн Стратегийн түншлэлийн харилцаатай болж байгаа юм.
Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, төмөр замын РЖД нэгтгэлийн тэргүүн Олег Белозеров, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев, “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин нарын хүмүүс багтжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол улсад гурван удаа айлчилж байсан бөгөөд хамгийн сүүлд 2014 онд мөн л Халхын голын дайнд ялсны 75 жилийн ойгоор хүрэлцэн ирж байсан юм.