Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга Алексей Васильевич Гордеевыг хүлээн авч уулзаж байна.
Уулзалтын эхэнд Шадар сайд өнгөрсөн тавдугаар сард болсон уулзалтын үеэр олон жил шийдэгдээгүй, шинэ нийт 67 асуудалд гарын үсэг зурсныг онцлоод эдгээр асуудлын хэрэгжилтэд анхаарахыг Ерөнхийлөгч үүрэг болгосныг хэллээ.
Мөн Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан Халх гол суманд хийж буй бүтээн байгуулалтын ажил хурдацтай өрнөж байгааг онцоллоо. Тэрбээр дөрвөн сарын хугацаанд бүтэн сумын бүтээн байгуулалтыг хийж байна гэсэн юм. Бүтээн байгуулалтын ажил өрнөж одоо дотор заслын ажлууд үлдээд байна гэв.
ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга Алексей Васильевич “Халх голын байлдаанд хамтран ялалт байгуулсны 80 жилийн ой тохиож байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаар хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурахаас хамгийн чухал нь найрсаг харилцаа, стратегийн иж бүрэн түншлэл. Энэхүү гэрээнд гарын үсэг зурна. Мөн Эрхүү мужид болсон үерт нэрвэгдсэн хүмүүст тусламжийн гараа сунгасанд талархаж байна. Манай хоёр орны худалдааны эргэлт 2018 онд 20 хувь, 2019 он гарсаар 12 хувиар нэмэгдсэн байна” гэлээ.
Манай хоёр орны худалдааны эргэлт жилээс жилд нэмэгдэж байгаа нь сайн хэрэг гэдэгт хоёр тал санал нэгдэж байлаа. Өнөөдөр Монгол Улсад ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газрыг нээх бол Владивостокд Монголын худалдааны төлөөлөгчийн газрыг нээхээр төлөвлөжээ.