АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсноо мэдэгдлээ.
Д.Трамп “Би өчигдөр орой түүнд Цагаан ордонд түүний хэрэг байхгүй болсныг мэдэгдсэн. Гэхдээ би Жоны хийж, гүйцэтгэсэн ажилд нь маш их талархаж байна. Шинээр томилогдох Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийг ирэх долоо хоногт зарлана” хэмээн твиттер хуудсандаа бичжээ.
Гэтэл үүний дараахан Жон Болтон “Өчигдөр орой намайг түүнд огцрох өргөдлөө өгөхөд ерөнхийлөгч үүнийг маргааш шийдье гэж хэлсэн” хэмээн бичсэн байна.
Ийнхүү Ерөнхийлөгч Д.Трамп болон түүний үндсэний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нарын өөрсдийн твиттер хуудсандаа бичсэн мэдээлэл нь зөрж байгаа хэдий ч Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм сэтгүүлчидтэй уулзахдаа тэд ойрын хугацаанд олон асуудлаар санал зөрөлдөж байгаа тул Жон Болтон энэхүү албанаасаа огцрохоор болсон хэмээн мэдэгдлээ.
Өнгөрсөн зургаадугаар сард Д.Трамп хоёр Солонгосын хил дээр Ким Жон Унтай хийсэн уулзалтанд Ж.Болтон оролцоогүй бөгөөд тухайн үед Монгол улсад ирээд буцсаныг нь олон улсын ажиглагч нар тэдний зөрчлийн нэг илрэл хэмээн үзэж байгаа юм.
Өдгөө 70 настай Ж.Болтон нь 2018 оны дөрөвдүгээр сард ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр томилогдсон бөгөөд тус албан дахь түүний гурав дахь зөвлөх болон ажиллаж байжээ.