Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас санаачлан нийгмийн хариуцлагын хүрээнд “PС mall” компани, “Талх чихэр” ХХК, “Ди Жи Би” эм ханган нийлүүлэх компани, “Тавин ус” эм ханган нийлүүлэх компанитай хамтран Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэм” хүүхэд асрах төвийн хүүхдүүдэд туслах “Хүүхдэд тусалъя” сайн үйлсийн аяныг энэ оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Мөн тус арга хэмжээний хүрээнд “РС mall” дэлгүүрээс “Эрдэм хүүхэд” асрах төвд агаар цэвэршүүлэгч аппарат, “Талх чихэр” ХХК-аас хүнсний бүтээгдэхүүний дээж, 14 хоногийн хүнсний хэрэглээний эрхийн бичиг, “Ди Жи Би” ХХК эм ханган нийлүүлэх компаниас ханиад, томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх “GCFLU” вакциныг асрамжийн төвийн ажилчид, хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийж өгчээ. Харин “Тавин ус” эм ханган нийлүүлэх компаниас асрамжийн төвийн ажилчид, хүүхдүүдийг витаминжуулан, амин дэмээр хангасан бол Хэрэг бүртгэх албанаас асрамжийн төвийн хүүхдүүдэд бичиг хэргийн хэрэгсэл, гарын бэлгийг хандивлан өгч хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгсөн юм.
“Эрдэм хүүхэд” асрах төвийн ажилчид, хүүхдүүд сэтгэлийн бэлэг болгон урлагийн тоглолт үзүүлснээр энэхүү арга хэмжээ амжилттай явагдаж өндөрлөлөө.