Монголын хөлбөмбөгийн түүхэнд тод томруунаар бичигдсэн олон амжилтын эзэд болох Л.Доржсүрэн, Б.Батсайхан нарыг төрийн дээд шагнал алтан гадас одонгоор шагналаа.
Эрчим клубын төлөө 1993 оноос хойш зүтгэж дээд лигт найман удаа түрүүлүүлсэн Л.Доржсүрэн багш зургаадугаар ангиасаа хөлбөмбөгтэй амьдралаа холбосон. Тэрбээр анх тоглогчийн хувиар ногоон талбайд хөл тавьсан ч 1976 оноос дасгалжуулагчийн ажлыг хийж эхэлсэн. Тийнхүү Монголын хамгийн шилдэг клуб \”Эрчим”-тэй нэгдэж, дээд лигийн аваргын төлөө жил бүр өрсөлдөн, үе үеийн шигшээ багийн тоглогчдийг өөрийн багтаа бэлдсээр ирсэн. Тэртээ 1999 онд \”Эрчим” клубээс есөн тоглогч шигшээ багт багтаж байсан бол өнөө жил ч мөн тийм тооны тоглогч тус клубээс эх орноо төлөөлж байгаа.
Харин спортын мастер Бямбаагийн Батсайхан нь 1989 онд \”Монголын оюутны шигшээ” багийг байгуулж байлаа. Тухайн үед Италийн, Парма хотод болох \”Оюутны футзалын ДАШТ” оролцохоор бэлтгэл хийж байсан ч санхүүгийн хүндрэлийн улмаас оролцоогүй. Түүний шавь нараас 15 спортын мастер, таван дэд мастер, дөрвөн олон улсын хэмжээний мастер төрөн гарсан байдаг. Тэрбээр одоо ч улс эх орныхоо сдортын хөгжилд хүчин зүтгэж, нийслэлийн биеийн тамир газрын, спортын уралдаан тэмцээн хариуцсан мэргэжилтэн, МХБХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, санхүүгийн хорооны даргын албан тушаалыг хашаж байна.