Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй Нийтийн тээврийн \”BRT төсөл”-ийн Манила дах төслийн багийн ахлагч Ким Кижүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай замын автобус буюу”BRT төсөл”-ийн талаар санал солилцлоо. Төслийн багийн ахлагч Ким Кижүн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам хамтран 2009 оноос тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай зөвшилцөж, судалгааг эхлүүлсэн. Долоон жилийн хугацаа өнгөрсөн ч бүтээн байгуулалтын ажлаа эхлэж чадаагүй байна. Тиймээс төслийг цаашид богино хугацаанд хэрэгжүүлж дуусгах тал дээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.
НИТХ-ын дарга Ц.Сандуй \”Дэлхийн томоохон хотуудад замын хөдөлгөөний түгжрэл, нийтийн тээврийн асуудал тулгамдсан асуудлын нэг байдаг. Гэхдээ тусгай замын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлснээр асуудлаа бүрэн шийдэж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Тиймээс нийтийн тээвэрт дэвшил авчрах төслийг үргэлжлүүлэх бодолтой байна. Юуны түрүүнд төлөвлөлт, судалгааг эргэн харж, ажлын хэсгийн хүрээнд ярилцан тохиролцох хэрэгтэй” гэлээ.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу зорчигчийн урсгал ихтэй тэнхлэг замуудаар нийтийн тээврийн багтаамж ихтэй тээврийн төрөл нэвтрүүлэхдээ эдийн засгийн боломж, зорчигч урсгалын байдлыг харгалзан эхний ээлжинд тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Тусгай замын гэгдэх нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулахаар байгуулдаг онцлогтой, нэг чиглэлд 8000-25000 зорчигч/цаг тээвэрлэх хүчин чадалтай юм. Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 215.9 сая ам.доллар, Дэлхийн байгаль орчны байгууллагын буцалтгүй тусламжаар 1.5 сая ам.доллар, Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гурван үе шаттай хийхээс эхний ээлжийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.