Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ эдгээр өдрүүдэд Тайланд улсад үргэлжилж байна.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ М.Анхцэцэг огцом өргөлтийн төрөлд 110 кг өргөснөөр хүрэл медаль хүртсэн байна. Түүний энэхүү амжилт нь Монгол Улсын гурван дээд амжилтыг шинэчилээд байгаа юм. Тус төрөлд БНСУ-ын хоёр туйванч 111 кг-аар алт, мөнгөн медалийн эзэд болсон байна.
ОУХМ М.Анхцэцэгийн хувьд 2016 онд залуучуудын болон насанд хүрэгчдийн ААШТ-ий 75 кг-ийн жинд түрүүлж, Азийн аварга болсон Монголын анхны туйванч эмэгтэй болж байсан билээ. Мөн тухайн ондоо оюутны ДАШТ-д түрүүлж, 2017 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын хүндийн өргөлтийн тамирчдын анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байсан юм. М.Анхцэцэг ийн ДАШТ-ий хошой хүрэл медаль хүртсэн анхдагч тамирчин боллоо.
Тэрбээр амаржсанаасаа хойш гурван сарын дараа буюу 2019 оны гуравдугаар сараас бэлтгэлээ хийж эхэлсэн. Улмаар 2019 оны дөрөвдүгээр сарын сүүлээр болсон Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 81 кг-д огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 113 кг өргөж, огцом ба түлхэлттэй өргөлтөөр тус бүр хүрэл медаль, нийлбэр дүнгээр 206 кг-аар мөнгөн медаль (Хоёр хүрэл, нэг мөнгө , нийт гурван медаль) хүртээд байсан юм.