Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-тай зөвшилцөж Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал А.Ганбатыг өнгөрөгч гуравдугаар сарын 22-ны өдөр томилж байсан билээ. Шинэхэн үүрэгт ажилдаа ороод зургаан сарын хугацаа л өнгөрүүлж буй ЗХЖШ-ын дарга А.Ганбат өөрийн эрүүл мэндийн байдлаас үүдэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрөгч баасан гарагт Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байна.
Тэрбээр тус өргөдөлд “Миний бие удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Тиймээс үүрэгт ажлаас минь чөлөөлөх өргөдлөө өглөө. Төрийн ажлыг удаан гацааж болохгүй учир энэхүү шийдвэрийг гэнэт гаргалаа. Зэвсэгт хүчний жанжин штаб болон нийт ажилчин, зэвсэгт дайчдаасаа уучлал хүсэж байна” хэмээн тайлбарласан юм.
Тэрээр одоогоор ажлаа хараахан өгөөгүй байгаа бөгөөд өөрийн түр орлон гүйцэтгэгчээ удахгүй томилох болжээ.